Г.Амаржаргал: Монгол гэр хүнийг байгаль дэлхийтэй улам ойртуулдаг

7-р сар. 23, 2021, 4:32 p.m.


Суурин амьдралын хэв маягтай, орон сууцанд амьдардаг хэдий ч нүүдэлчин Монгол гэрээ хослуулан авч яваа онцгой нэгэн эрхэмтэй хэсэг хором ярилцлаа. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг залуусын маань төлөөлөл, ухаалаг гэр бүлийн Монгол гэртэй танилцана уу.

RE/MAX Collection Luxury Properties Realtor
Г.Амаржаргал
 
 
Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Монгол гэрийг яагаад байшингийнхаа гадна нэмж барихаар болсон бэ? Монгол гэрт үргэлж амьдраад байхгүй ч гэсэн Монгол ахуйтай ойр байхын давуу тал юу вэ?

Баярлалаа. Манайх зуны дэлгэр цагт хүүхдүүдтэйгээ агаар салхинд гарч байя, найз нөхдөө уриад тухтай ярилцаж суудаг байя гэдэг үүднээс Монгол гэртэй болох шийдэлд хүрсэн юм. Миний нөхөр түүх, өв соёлоо их хүндэлж, дээдэлдэг хүн. Нөхөр маань Монгол гэртэй болоход их нөлөөлсөн шүү. Монгол гэрийг удаан хэрэглээд, ёс заншлаа судлах тусам бахархах сэтгэл төрж түүнээсээ их урамшдаг юм билээ. Огт булан байдаггүй өвөрмөц архитектуртай дугуй сууц учраас амьд харилцааг бий болгодог, гэр бүлийн гишүүд тойрч суугаад сайхан дулаан уур амьсгал бүрдүүлэх боломжтой учраас манай гэрийнхэн бүгд дуртай.


 
Энэхүү гэрийг урласан хүний тухай болон бэлгэдлийнх нь талаар бидэнд танилцуулж болох уу?

Монгол гэрийн нийтлэг өнгө нь шар, улаан тэгээд эрээн хээтэй байдаг даа. Ийм нийтлэг гэрээс илүүтэй өв уламжлал, бэлгэдэл шингээсэн утга учиртай бөгөөд тайван мэдрэмж төрүүлэхүйц байдлаар багын найз сийлбэрч, зураач Мөнхбаяр маань энэ гэрийг хус, хуш мод болон хар модоор урлаж өгсөн. Зөвхөн гэр дангаараа биш доторх тавилга, бүх хэрэглэгдэхүүнийг хийсэн. Гэрийн тоононы тойрог дотор 12 жилийг багтааж, 4 хүчтэн, 8 бадыг урласан. Мөн багана дээрх сийлбэр нь тэнгэрийн хүчтэн лууг дүрслэхийн сацуу бадамлянхуа цэцгийг суурь болгож, уул, тэнгэрийг шингээсэн нь мөнхийн төгсөшгүйг бэлгэдсэн юм. Гэр урлана гэдэг чинь их ур ухаан, хүч хөдөлмөр юм билээ.

 
 
 
Хүмүүс Монгол гэрийг "мартан", суурин амьдралыг сонгон төвхнөх болсон энэ цаг үед амины орон сууцтай ч хажуудаа Монгол гэрээ барьж, соёл уламжлалаа хослуулан авч явна гэдэг үнэхээр сонирхолтой санагдаж байна. Ойр дотнын найз нөхөд чинь хэрхэн хүлээж авдаг вэ?

Найзууд маань манайд ирэх харин ч их дуртай байдаг. Монгол гэр аваад хэрэглэж байгаа найзууд ч бий. Бид бас ойрын хүрээллийн хүмүүстээ нөлөөлж эхэлсэн гэж бодож байгаа. Зөвхөн бид гэлтгүй гаднын олон оронд хүлээн зөвшөөрөөд, бүр хэрэглээндээ нэвтрүүлээд эхэлчихсэн. Airbnb дээр хүртэл аяллын турш байрлах сууцаа сонгох хэсэгт ГЭР гэсэн сонголт байдаг болчихсон байна лээ. Тэгэхээр хэр хэмжээнд хүмүүс үнэлж эхэлсэн нь тодорхой.



 
Сүүлийн үед хүмүүс үндэсний хувцсаа өдөр тутам өмсөх, орон сууцны интерьертээ уламжлалт эдлэл хэрэглэлээр чимэглэх гэдэг ч юм уу бага ч гэсэн үйлдэл хийж байгаа нь анзаарагдах болсон. Энэ дундаас хамгийн их хүндэлдэг, үлгэр дуурайлал авдаг хүн бий юу?

Стивен Сигалын гэргий Б.Эрдэнэтуяа эгчийг хүндэлдэг. Хэдийгээр гаднын хүнтэй ханилж, гадаадад амьдарч байгаа ч үйл хөдлөл, үг яриагаараа эх орондоо амьдарч буй биднээс илүү Монголыг гаднынханд таниулж, ойлгуулж байдаг нь сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Өөр олон хүмүүс бидний дунд бий. Гэхдээ өдөр бүр дээл өмсдөггүй, Монгол гэрт амьдардаггүй ч ёс заншлаа хүн бүр л ойлгож хүндлэх хэрэгтэй юм шиг санагддаг юм. Суурин амьдралын хэв маягт шилжсэн хэдий ч Монгол гэж бахархах нэг ч гэсэн зүйлийг авч үлдэх хэрэгтэй байх
 
Одоогоор мэдэрсэн Монгол гэрийн давуу талуудыг дурдвал? Магадгүй орон сууц, байшинтай ч Монгол гэрээ давхар ашиглах хэрэгтэй гэдгийг хүмүүст юу гэж уриалж хэлэх вэ?

Утаа өвөлдөө хэр байдаг билээ, өвөл зунгүй л бид цэвэр агаарт аялахын тулд амралтын газрын гэр түрээсэлдэг шүү дээ. Нэг удаа амралтын газарт өгөх байсан мөнгөөр өөрсдөө гэртэй болчихвол гэрээ нүүлгэж авч яваад нэмэлт зардал гаргахгүйгээр гэр бүлээрээ, найз нөхдөөрөө агаар салхинд гараад байж болно. Монгол гэр бол архитектурын онцгой шийдэлтэй сууц юм шүү. Агаарын солилцоо сайтай, байгалийн эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, нүүлгэж буулгахад хөрс шороог ухаж сэндийлдэггүй гээд давуу талыг нь бүгд мэднэ байх. Монгол гэрт орж ирсэн хүн цаанаасаа л байгалийн сайхныг мэдэрдэг. Өөрөөр хэлбэл Монгол гэр маань хүнийг байгаль дэлхийтэй улам ойртуулдаг гэх юм уу даа.
 
 

Монгол гэр болон доторх бүх эдлэл хэрэглэл, тавилга бол Монгол ахуйг илэрхийлж байдаг нэгэн бүхэл зүйл юм шиг санагддаг. Гал түлнэ, аргал түүнэ, гэрээ нүүлгэж, бас барина гэх мэт гэртэй холбоотой бүгд л ёс заншил, цаанаа нарийн бэлгэдлийг агуулдаг. Аргал түүнэ, газар унасан модоор түлээ бэлтгэнэ, байгальтайгаа ойр, уул усаа хайрлаж эрхэмлэж эхэлнэ. Ийм болохоор л Монгол гэрт ойрхон өссөн хүүхдүүд бие бялдрын хувьд чийрэг байдаг болов уу.

Хүүхдэд ёс заншилтайгаа танилцаж, ойр байхаас эхлээд олон хүмүүжил, боловсролыг Монгол гэр маань олгодог байх. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?


Тэгэлгүй яахав. Одоо залуучууд бид л хүүхдүүддээ Монгол ахуйг зааж, зөвлөхгүй бол даяарчлагдсан өнөөгийн нийгэмд бидний хүүхдүүдийн хүүхдүүд соёл, түүхээ мэдэхгүй болох эрсдэлтэй. Тиймээс манай гэр бүлийн хувьд хүүхдүүдээ Монгол ахуйтай ойр байлгая гэдэг зорилгоор яг л уламжлалт хэв маягийг энэ гэртээ шингээхийг зорьсон. Монгол гэрийн сайн сайхан зүйлсийг мэдрүүлж өвлүүлэхийг хичээсэн нь энэ юм. Мөн гэрийн эзэнд хоол, цайны дээжээ аягалах, өглөөний наранд сүү өргөх гэх мэтээр хамгийн энгийн байдлаар өөрөө үлгэрлэж байгаль дэлхийгээ хайрладаг, өвөг дээдсээ хүндэлдэг сайхан Монгол ёсыг орхигдуулахгүй байх юмсан гэж хичээдэг.

 

Ярилцсанд баярлалаа. Таны гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье.

©Энэхүү нийтлэлийг interior.mn сайтын албан ёсны зөвшөөрөлтэй нийтлэв. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай:

Let us do the work!
Login to submit your Home Finder request and get connected with leading agents and developers.

Нэвтрэх