Нийслэл хотод сүндэрлэж буй барилгуудаас хамгийн чанартайд тооцогдох барилгын гүйцэтгэгчээр Дельта Констракшн ажилладгийг олон хүн мэддэг болжээ. Crystal Town-аас эхлээд Emerald Residence-ийг барьсан гэвэл уншигч та мэдэх байх. Эсвэл Буянт Ухаа 1, 2 хороололд гүйцэтгэгч компаниар ажилласан гэвэл ямар компани вэ гэдгийг гадарлах болов уу. Зарим тохиолдолд тус компанийг гүйцэтгэгчээр нь ажиллаж буйгаас болж орон сууц худалдан авдаг хүмүүс ч байдаг. Өөрөөр хэлбэл, Дельта Констракшн Монголын барилгын зах зээлд өөрийн нэрийг брэнд болгож чаджээ.
©Гэрэл зураг: Barilga.mn
Тэгвэл тус компанийн захирал Ц.Эрдэнэбат тэтгэвэрт гарч байгаа гэнэ. Гавьяаны амралтад гарч буй тухайгаа Ц.Эрдэнэбат инженер твитерт жиргэсэн байна.
Тэтгэвэртээ гарчихлаа Одоо өөрийнхөө төлөө амьдрах 20 жил эхэллээ...Аль болох үр хүүхдүүддээ дарамт болохгүй өөрийнхөө хүссэнээр амьдрах..Жинхнээсээ тэнэх зугаалах юм үзэх хамгийн гол нь МЭРГЭЖЛИЙН НОМ бичих МЭРГЭЖЛИЙН ФОТО ЗУРАГ авах..ШҮЛЭГ бичиж ОНЛАЙН орон зайг эзэгнэх үлдлээ
— Ц.Эрдэнэбат (@Erdenebatts) January 5, 2020
Дельта Констракшны хувьд сүүлийн үед нэлээн олон төслийн гүйцэтгэгчээр ажиллаж байна. Жишээлбэл, нийслэлийн дахин төлөвлөлтийн шинэ бүсэд цэгэн төлөвлөлтөөр сүндэрлэж буй Шинэ Яармаг Цогцолбор Хороолол, Орчлон олон улсын дунд сургуулийн урд байрших Токио Таун болон Жаргалант хаус хорооллыг барьж байна.
Ц.Эрдэнэбат инженерийн хувьд барилгын салбарт өөрийн үнэ цэнийг хэдийн бий болгосон хүн юм. "Эрх чөлөөт иргэн" гэх тайлбартай Ц.Эрдэнбат инженерийн твитер хаягийг 41.2 мянган хүн дагадаг.