Монголын үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийхэд анхаарах ёстой татварын зөвлөгөө

4-р сар. 18, 2019, 11:36 a.m.

Монголын татварын тогтолцоо ойлгоход бага зэрэг хүндрэлтэй байж магадгүй. Тиймээс бид 2018 оны Монголын Үл хөдлөх хөрөнгийн тайланг ашиглаж та бүхэнд хэрэгцээтэй мэдээлэл бэлтгэлээ. 

1. Хувь хүний орлогын албан татвар 

Монголд хэрэгждэг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөгчийг хоёр хэсэгт хуваадаг. Үүнд байнга оршин суугч татвар төлөгч болон Монгол улсад оршин суугч бус албан татвар төлөгч гэж хоёр ангилдаг. Байнга оршин суугч албан татвар төлөгч гэдгийг хуулийн хүрээнд: 

  • Монгол Улсад оршин суух байртай
  • Тухайн татварын жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад амьдарсан гэж ангилдаг.

Харин Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгч гэдэг нь: 

  • Монгол Улсад оршин суух байргүй, тухайн жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суугаагүй хувь хүнийг хэлнэ. 

Хуулийн дагуу мөн байнгын оршин суугчийг дэлхий даяар олж буй орлогоосоо татвар төлөхийг үүрэгжүүлсэн байдаг. Харин оршин суугч бус албан татвар төлөгчийн хувьд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогодоо татвар төлөхөөр заасан байдаг. 

Хувь хүн нийт орлогоос зардлуудаа хассаны дараа татвар төлөх орлогыг тодорхойлдог. 

  • Ямар төрлийн орлого олж байгаагаас шалтгаалан хувь хүний орлогын албан татвар нь 10-40 хувийн шатлалтай тогтоогдож байна. Бооцоот тоглоом, сугалаанаас олсон орлогод өндөр татвар ногддог. Харин байнга оршин суугч бус албан татвар төлөгчийн хувьд Монгол Улсын газар нутагт олсон орлогоосоо 20 хувийн татвар төлдөг. Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн орлогоос зардлаа хассан дүнгээс мөн татвар төлнө.
  • Үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогоос 2 хувийн татвар төлдөг. 

2. Корпорацийн буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу татвар төлөгчийг дараах байдлаар ангилж байна. 

  • Монгол Улсад хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж, түүний салбар 
  • Удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж 
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж

Эхний хоёр хэсэгт багтсан аж ахуйн нэгж орлогоос дараах хувиар татвар төлнө. 

  • Жилийн борлуулалтын орлого нь гурван тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгж нь ашгийн 10 хувь 
  • Жилийн борлуулалтын орлого нь гурван тэрбум төгрөгөөс их аж ахуйн нэгж нь ашгийн 25 хувь

Гадаадын аж ахуйн нэгжийн хувьд татварын хувь өөрөөр тогтоогддог. 

Гадаадын аж ахуйн нэгж өөрт ногдох ногдол ашгаасаа гадагшаа шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн 20 хувийг татварт төлнө.

Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг(FIFTA)-т бүртгэлтэй компаниуд болон ашгаа Монголын эдийн засагт нөлөөлөхүйц зүйлд дахин хөрөнгө оруулсан тохиолдолд татвар тооцохгүй. Аж ахуйн нэгж өөрийн үл хөдлөх хөрөнгөө борлуулвал мөн 2 хувийн татвар төлнө. 

3. Үл хөдлөх хөрөнгийн татвар 

Үл хөдлөх хөрөнгө эзэмшигч гэдэгт дараах хуулийн этгээд хамаарна: 

  • Монгол Улсад хөрөнгө эзэмшдэг компани 
  • Монгол Улсад хөрөнгө эзэмшдэг төрийн бус байгууллага
  • Монгол Улсад хөрөнгө эзэмшдэг иргэн 
  • Монгол Улсад хөрөнгө эзэмшдэг оршин суугч бус хүн 

Үл хөдлөх хөрөнгийн тухай хуульд заасны дагуу хөрөнгийн эзэмшигч татвар төлөх үүрэгтэй. Гэхдээ дараах хөрөнгийг албан татвар ногдох орлогоос чөлөөлдөг. 

  • Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгө
  • Орон сууц
  • Нийтийн эзэмшлийн барилга байгууламж

Харин бусад үл хөдлөх хөрөнгөд ногдох албан татварыг дараах нөхцөлийн дагуу төлөх ёстой. 

  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд зааснаар: 

  • Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана
  • Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /албан тушаалтан/ газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланг нэгтгэж, нэг хувийг харьяалах татварын албанд дараа оны хоёрдугаар сарын 15-ны дотор тушаана

4. НӨАТ 

Нэмэгдсэн өртөгийн албан татвар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт 10 хувиар тооцогддог. Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөг(21 мянган ам.доллар) хүрсэн тохиолдолд харьяа татварын байгууллагад хандан НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх шаардлагатай. НӨАТ-ын тухай хуульд зааснаар: 

  • Монгол Улсын газар нутагт зарагдаж байгаа бүх төрлийн бараа 
  • Худалдах, хэрэглэх буюу ашиглах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад экспортолсон бүх төрлийн бараа
  • Худалдах, хэрэглэх буюу ашиглах зориулалтаар гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ
  • Байшин, барилгад байр түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг үйлчилгээ үзүүлсэн гэж үзнэ 

Дашрамд хэлэхэд, орон сууцны түрээсийн төлбөр нь НӨАТ-аас чөлөөлөгддөг юм байна. 

Олон улсын харьцуулалт 

Монгол Улсын орлогын албан татварыг бусад хөгжиж буй улс оронтой харьцуулсан байна. Монголын хувьд татварын түвшин нь бусад орноос бага буюу ижил түвшинд байгаа юм. Монгол болон Сингапураас бусад олон оронд Капиталын татвар төлдөг. 

Эх сурвалж:www.retalkasia.com

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: