120 мянгатын дахин төлөвлөлтийн талаар оршин суугчдын мэдэх ёстой бүх зүйл

2-р сар. 6, 2020, 6 p.m.

Ашиглалтын шаардлага хангахааргүй болсон хуучны байрыг нурааж, төр, хувийн хэвшил, иргэн гурав хамтран орчин цагийн шинэ орон сууцны хороолол барих жишиг нийслэл хотод хэдийнэ тогтжээ. Хуучнаар үйлдвэрчний район буюу Нэхмэлийн шарын байруудыг нурааж, орчин цагийн шинэ, шилэн орон сууцны барилга сүндэрлэж эхэлснийг уншигч та анзаарсан биз ээ. 

ХОЛБООТОЙ ПОДКАСТ: Хот дахин төлөвлөлтийг хэрхэн хийх вэ?

Тэгвэл ээлжит хот төлөвлөлтөд орж буй газар нь 120 мянгат аж. Энэ оны нэгдүгээр сард Хот байгуулалт хөгжлийн газраас 120 мянгатын 1, 4, 6, 7, 10, 13, 14, 15, 16, 17-р байрны иргэдээс санал асуулга авсан байна. Энэ тухай Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны фэйсбүүк хуудаст мэдээлэл оруулсан байна.  

120 мянгатын байруудыг дахин төлөвлөх тухай тус хорооны Засаг дарга Л.Баярдалайгаас тодруулахад "Хот байгуулалт хөгжлийн газраас ирүүлсэн мэдээллийн дагуу бид оршин суугчдаас санал авсан. Тухайн байрны нийт оршин суугчдын 80-аас дээш хувь нь дэмжсэн тохиолдолд дахин төлөвлөлтөд оруулдаг журамтай юм билээ" гэв. Харин оршин суугчид хэр их дэмжиж байгааг асуухад "Үүнийг тодорхой хэлэх боломжгүй. Тухайн хүний үл хөдлөх хөрөнгө учраас гаднаас нөлөөлж санал, асуулга явуулж болохгүй" гэсэн юм. Мөн эцсийн хариу хараахан гараагүй гэв.  

Гэрэл зургийн тайлбар: Дахин төлөвлөлт хийхээр төлөвлөсөн 120 мянгатын орон сууцны барилгын байршил

Нийслэийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээр дурдсан орон сууцны барилгуудыг ашиглалтын шаардлага хангахгүй хуучны барилга гэх дүгнэлтийг гаргасан учраас Хот байгуулалт хөгжлийн газраас иргэдийн дунд санал асуулга явуулж байгаа нь энэ юм. Нэгэнт ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлт гарсан тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан, борлуулахыг хориглодог журамтай тухай Oly Podcast-ын зочин Э.Батсайхан хэлсэн. Энэ журмын хэрэгжилт 120 мянгатад яаж нөлөөлж байгааг Хан-Уул дүүргийн Засаг Даргын Тамгын Газрын байранд байрлах Улсын бүртгэлийн хэлтсээс лавлахад "Энэ төрлийн мэдээлэл хараахан бидэнд ирээгүй байна" гэж хэлсэн юм. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: