Манай гэр - Унтлагын өрөөнийхөө өнгийг хэрхэн зөв сонгох вэ?

8-р сар. 16, 2021, 1:15 p.m.

Унтлагын өрөө нь таны амарч, алжаалаа тайлах хамгийн нандин орон зай. Харин ханын өнгө нь шөнийн ихэнх цагийг өнгөрөөж, өглөө нар ургахыг угтдаг өрөөний тань төрүүлэх мэдрэмжийг тодорхойлно.

Ихэнх хүнд унтлагын өрөөгөө зөөлөн өнгөөр будах нь тохиромжтой. Гэхдээ илүү сэргэг, романтик мэдрэмж төрүүлэх тод, хольмог өнгө таалалд тань нийцэж ч мэднэ. Ямар ч өнгө сонгосон доорх гурван ангилалд багтах болов уу.

Сонгодог өнгүүд

Сонгодог өнгүүд нь унтлагын өрөөг онцгой харагдуулахгүй ч хэзээд аюулгүй сонголт  

  • Хар саарал
  • Хар
  • Саарал
  • Цагаан
  • Зөөлөн бор

Сонгодог өнгүүд нь орны бүтээлэг, шүүгээгээ ханын өнгөндөө зохицуулах шаардлагагүйгээр хүссэнээрээ сонгох боломж олгодог. Сонгодог гэгддэгийн гол учир нь өрөөнд ямар ч хэлбэр дүрстэй эд, хогшил байрлуулсан ханын өнгөтэй зөрчилдөх нь ховор. Гэхдээ цагаан гэдгээр цасан цагаан өнгө гэж бүү бодоорой. Бага зэргийн хөх, ногоон эсвэл ягаавтар туяа ч оруулах боломжтой. Мөн сонгодог өнгийн ханан дээр тод, таны уран сэтгэмжийг илэрхийлэх чимэглэл өлгөх эсвэл өвөрмөц хэлбэртэй хээ бүхий ханын цаас сонгох боломжтой.

Амгалан завсрын өнгүүд

Завсрын өнгүүд нь зөөлөн, тайван мэдрэмж төрүүлдгээрээ алдартай. Унтлагын өрөөнд хамгийн тохиромжтой завсрын өнгүүд нь:

  • Усан цэнхэр
  • Цайвар ягаан
  • Ногоон
  • Шар
  • Ягаан

Завсрын өнгийн ханатай унтлагын өрөө нь тансаг, чамин мэдрэмж төрүүлдэг. Түүнчлэн дээрх өнгүүдийг сонгосноор унтлагын өрөөнд бачуу, багтаамж багатай мэдрэмж төрүүлчих гээд байдаг хар, бараан тавилга байршуулах боломж нээгдэнэ. Мөн хананаас урган гарч ирж байгаа мэтээр шууд ялгарахуйц саарал эсвэл илүү гүн өнгийн тавилга байршуулахад тохиромжтой.

Тод өнгүүд

Хэрэв зоримог, тод өнгө танд таалагддаг бол унтлагын өрөөндөө туршаад үзэхэд яагаад болохгүй гэж. Хэрэв та эрс тэрс өнгөөр хүрээлүүлэх дуртай эрч хүч ундарсан хүн бол унтлагын өрөө тань ч бас тийм л байх ёстой. Жишээ нь хар ногоон өнгийг сувдан цагаан эсвэл улаан, бор өнгөтэй ч хослуулж болно.

Гэхдээ унтлагын өрөөнийхөө ханыг бараан өнгөөр будах эсвэл ханын цаас наахаар шийдсэн бол хэдэн зүйлийг мартаж болохгүй.

  • Хайрцаглагдахаас болгоомжил – Бүх ханаа ижил өнгөөр будах шаардлагагүй
  • Хараа тусах гол хана - Өрөөний хаалга татмагц харагддаг ханаа тод өнгөөр будаад бусад ханыг цайвар өнгөөр сонговол тохиромжтой
  • Ханын уртыг өнгөөр тодотго - Хэрэв танай унтлагын өрөө нарийн урт зохион байгуулалттай бол өрөөнийхөө давуу талыг тодотгон харуулахын тулд урт ханаа тод өнгөөр буд.

Цайвар өнгө өрөөг цэлгэр харагдуулдаг бол бараан өнгө нь орон зайг хумьж харагдуулдгийг бүү мартаарай. Мөн өрөөний цонхоор байгалийн гэрэл хангалттай тусдаг бол илүү цэлгэр харагдах нь мэдээж.

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.