Орчны танилцуулга | Яармаг

4-р сар. 5, 2019, 3:58 p.m.

Яармагийн дэнжид хурдан морины уралдаан үзэхээр наадамчин олон хуран цугладаг түүх өнөө цагт гэрэл зурагт тод үлджээ. Үзэсгэлэнт Богд Хан-Уулын бэл, туналзан урсах Хатан Туулын хөвөөнд наадамладаг түүхэн цаг хугацааны эхлэл нь Ардын хувьсгалын он жилүүдтэй холбогддог. 

Хамгийн анх Яармагийн дэнжид 1922 онд Ардын хувьсгалын ойн баяр наадмыг “Цэргийн баяр” нэрийн дор тэмдэглэсэн түүхтэй. Харин 1925 оноос эхлэн “Ардын хувьсгалын ойн баяр наадам” хэмээн нэрлэжээ. Ингээд 2000-аад оны эхэн үеэс хурдан морины уралдааныг Хүй долоон худагт тэмдэглэж эхэлснээр наадамчдын урсгал татарсан байна. 

Хэдийгээр Яармагийн дэнжид монголчууд өргөн дэлгэр наадахаа больсон ч орчин цагийн шинэ суурьшлын бүс нь Яармаг болж хувирч байна. Өнгөрсөн зууны дунд үеэс энд төвхнөсөн айлуудаас гадна сүүлийн үед энэ орчимд өрнөж буй бүтээн байгуулалтын ажлын эрчээс шалтгаалж хүн амын төвлөрөл ч өсөх хандлагатай болсон. Хамгийн гол нь, шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орох хугацаа дөхөх тусам энэ орчмын байршил олон хүний сонирхлыг улам ч татах болсон байна.  

Дашрамд тэмдэглэхэд, Нийслэлийн засаг даргын тамгын газар хотын төв цэгийн ажлын байраа орхин, Яармагт нүүж ирж байгаа нь энд ирэх хүн урсгалын тоог бүр ч нэмэгдүүлэх төлөвтэй байна. 

Энэхүү орчны танилцуулгад Хан-Уул дүүргийн дөрөв болон тавдугаар хорооны зарим хэсгийг хамруулж бичлээ. 

Төвлөрөл 

Яармагийг зорих хүн урсгал энэ орчимд орон сууцны барилга баригдаж эхэлснээс хойш нэмэгджээ. Хамгийн анх энэ орчимд Viva City хороолол сүндэрлэж, үүнээс хойш шилээ дагасан хорооллууд баригдаж эхлэв. Оршин суугчдын тоо нэмэгдэх хэрээр томоохон худалдааны төвүүд ч үүд хаалгаа дэлгэж эхэлсэн юм. 

Дээрх графикаас харахад Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны хүн ам сүүлийн таван жилийн дотор 48 хувиар өссөн байна. Харин тавдугаар хорооны хувьд бага зэрэг буурсан хандлагатай байна. Шинээр төлөвлөгдөж буй барилгын төслүүд ашиглалтад орох үед энэ орчмын хүн ам нэлээн өсөх хүлээлттэй байна. 

Яармагийн гүүр 

Яармаг орчимд төвлөрөл нэмэгдэхийн хэрээр нийслэл хоттой энэ бүсийг холбодог гүүрний ачаалал нэмэгдсэн аж. Энэ асуудлыг шийдэж Яармагийн гүүрийг өнгөрсөн 2018 онд өргөтгөснөөр нэвтрэх хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлж, зургаан эгнээ замтай болгосон байна.  

Нүхт болон Арцатын ам

Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт Богд уулын Нүхт, Арцат, Хүүшийн ам байрлаж байна. Нүхтийн амны хувьд социализмын үеэс шороон хучилттай зам тавигдаж, тухайн үеийн сэхээтэн, улс төрийн зүтгэлтнүүд л очиж сувилуулдаг амралтын газар байрладаг байснаараа алдартай. Хотын төвөөс холгүй Нүхтийн амны үзэсгэлэнт байгальд зусдаг айлын тоо жилээс жилд нэмэгдэж, өдгөө энэ орчим нь хаусын том хороолол болж хувирчээ.

Богд хайрханы үзэсгэлэнт хөндий болсон Арцатын аманд харин сүүлийн үед барилгын компаниуд шинэ төслөө эхлүүлэх болов. Эрүүл агаар, эко орчинд хувийн эдлэнтэй байх бололцоог олгож буй энэ ам руу Яармагийн замаас хатуу хучилттай зам тавигдсан байна. Энэ зам нь ирээдүйд Арцатын ам руу хүн урсгал татах гол шалгуур болжээ. Хотын төвд хамгийн ойр байлаж буй энэ ам нь нийслэл хотын шинэ суурьшлын бүс болж байгаа юм.  

Үйлчилгээний газар 

Яармаг орчимд Hunnu Mall худалдааны төв нээгдэж, нийслэл хотын баруун урд бүст амьдардаг оршин суугчдад үзвэр, үйлчилгээ урьд өмнөхөөсөө илүү ойртсон. Тус худалдааны төвд кино театр, хүүхдийн тоглоомын төв байдгаас гадна арилжааны талбайд янз бүрийн үйлчилгээ үзүүлж байна. Хүнсний худалдаанаас эхлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, бэлэн хувцасны худалдаа өргөжин тэлэв. Мөн төрөлжсөн хоолны газрууд ч нээгдсэн байна. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Улаанбаатарт үйлчилгээний соёл нэмж буй 6 супермаркет

Дашрамд хэлэхэд, хотоос гарах зам бүрт байршдаг Оргил худалдааны төв, Сансар супермаркет Яармагт ч мөн бий. 

Эрүүл мэндийн үйлчилгээний нэгдсэн төв гэж хэлж болохуйц эмнэлэг ч Яармагийн зам дагуу байрлаж байна. Эл нэгдсэн эмнэлэг нь Арцатын амнаас холгүй, Яармагийн төв замын урд хэсэгт байрладаг. Энэхүү 120 ортой нэгдсэн эмнэлэг нь Хан-Уул дүүргийн иргэдэд үйлчилдэг. 

Сургууль, цэцэрлэг 

Яармагт шинээр байгуулагдсан хувийн хоёр сургууль энэ орчимд сүндэрлэх орон сууцны хороололд давуу тал болж хувирав. Яармагийн замын урд хэсэгт British School Ulaanbaatar сургууль та бидний Япон гэдгээр нь сайн мэдэх Шинэ Монгол Харамафүжи сургуультай зэргэлдээ байршиж байна. 

Мөн Хан-Уул дүүргийн дөрөв болон тавдугаар хорооны хүүхдүүдийн хамран сургах тойргийн 34, 41, 60, 118-р сургууль энэ орчимд үйл ажиллагаа явуулдаг. 

Цэцэрлэгийн хувьд дээрх хоёр хорооны хүүхдүүдийг хамруулах үндсэн чиг үүрэгтэй 12 болон 29-р цэцэрлэг Яармагт үйл ажиллагаа явуулж байна.   

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: