ОРЧНЫ ТАНИЛЦУУЛГА | 220 МЯНГАТ

2-р сар. 21, 2019, 5:41 p.m.

Хоёр, хоёр, тэг. 220 мянгатыг илэрхийлэх энэ тоо Улаанбаатар хотын төв хэсгийг нэрийддэг. Баянгол зочид буудлаас баруун зүгт Цирк хүртэл төвхөнөсөн 220 мянгатад хэзээнээс нийслэлийн сэхээтнүүд суурьшиж, аж амьдралаа төвхнүүлсээр иржээ. Хуучны хэллэгээр сэхээтэн гэх энэ үг орчин цагт ажил хэрэгч, боловсролтой, боловсон гэх утгаар өргөжин тэлж байна. Энэ цаг үеийн хамгийн боловсролтой, нийгмийг түүчээлэх лидерүүдийн өсөж торнисон 220 мянгат, түүний эргэн тойрон өнөөдөр шилэн оффисуудаар зүсээ нэмж, өнгө төрх нь өдрөөс өдөрт их хотын завгүй бүс гэдгийг илтгэх боллоо. 

Байршил:  Хотын төв цэгт ойр

Агаарын чанарын индекс: Энэ бүст хамгийн ойр орших Бөхийн өргөө орчмын агаар бага зэргийн бохирдолтой гэх ангиалад багтаж байна.  

Дэд бүтэц: Зам харилцаа сайтай, ус дулааны хангамж сайн

Орчин: Оффис үйлчилгээ төвлөрсөн бүс

Сургууль: 1-р сургууль, 31-р сургууль, Сант сургууль, Улаанбаатар Элит сургууль

Цэцэрлэг: 143-р цэцэрлэг

Үйлчилгээний газар: Улсын цирк, Драмын театр, Меркури худалдааны төв, Наран их дэлгүүр

Бусад: ОХУ-ын Элчин сайдын яам, Төв номын сан, Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан 

220 мянгат орчмоос хийсэн гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна 

Хуучны угсармал байрнууд шинэ цагийн шилэн, өндөр барилгуудтай сүлэлдэн өнөөгийн 220 мянгатын уур амьсгал, орчин, өнгө төрхийг бүрдүүлж байна. Оффисын шинэ байшингууд сүүлийн жилүүдэд энд эрчимтэй  баригдсан нь ажил хэрэгч, амсхийх завгүй их хотын дүр төрхийг энэ бүсэд хамгийн тодоор бүрдүүлдгийг анзаарч болно. Түүний зэрэгцээ Монголын соёл урлагийн, тэр дундаа театрын урлагийн өлгий, өсөж өндийх гүүр болсон Драмын театр энд буйраа засаад 80 гаруй жил болсон нь 220 мянгатыг бусдаас онцгойруулдаг. 

Төв номын санг ч дурдалгүй орхиж болохгүй. Нэг талаас энэ бүсийг номын сангийнх гэж нэрлэж болмоор. 220 мянгатын зүүн талд Төв буюу Монгол улсын үндэсний номын сан байрладаг бол баруун хэсэгт Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан бий. Улсын хийгээд нийслэлийн гэх тодотголтой хоёр номын сан харин үе үеийн залуучуудад дотно, дулаахан дурсамжийг үлдээсэн байдаг. 

Хотын төв цэг гэдэг утгаараа 220 мянгат хэзээнээс үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн хамгийн хүсэмжит байршил байсаар ирсэн. Үйлчилгээний газрууд 220 мянгатад үүдээ дэлгэхдээ дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлэх, дэлхийтэй хөл нийлүүлэх хүсэл тэмүүллийг сэтгэлдээ тээсэн байдаг нь анзаарагддаг. Энэ бүсэд байрлах дурын кофе шопт ороход л хүсэл тэмүүлэл хэрхэн бодит ажил хэрэг болж буйг харж болно. Томоохон худалдаа, үйлчилгээний төвүүд ч энд бий. Жишээ нь, Наран Молл Энхтайваны гүүрний баруун талд байрлаж буй бол 220 мянгатаас холгүй Меркури худалдааны төв бий. 

Сургууль, цэцэрлэгийн хувьд 220 мянгатад хүртээмж ярихаас илүүтэй сургалтын чанар чансааг онцлох хэрэгтэй. Энэ бүсэд төрийн болон хувийн хэвшлийн ТОП сургуулиуд байршиж байна. Жишээ нь, нийслэлийн хамгийн ууган лаборатори нэг, түүнтэй зэрэгцээд хувийн хэвшлийн Сант сургууль 220 мянгатад байрладаг. Мөн та бидний Мон-Турк нэрээр сайн таних “Эмпати Ертөнц” компанийн салбар Улаанбаатар Элит сургууль ч энд бий. Хичээлээс гадуур нэмэлт дугуйланд хүүхдээ хамруулахад ч энэ бүс тун тохиромжтой. Монголын хүүхдийн ордон 220 мянгатад маш ойр байршдаг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: