ОРЧНЫ ТАНИЛЦУУЛГА | 120 МЯНГАТ

2-р сар. 21, 2019, 2:30 p.m.

Хотын төвөөс Энхтайваны гүүрээр л тусгаарлагдсан 120 мянгат, 19-р хорооллыг зарим уншигч Ажилчны район гэх нэрээр мэддэг байх. Саяхнаас шинэ цэцэрлэгт хүрээлэн энд нээгдсэн нь орчны өнгө төрхийг улам ч төгөлдөржүүлжээ. Албаны хүмүүс эл цэцэрлэгт хүрээлэнг жишиг гэж нэрийдэж буй бол оршин суугчид “амьтны хүрээлэн” гэх нь бий. Учир нь зуны дулаахан үдэш гэр бүлтэйгээ энд салхилах зуур таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтдын баримал хөшөөг сонирхох боломжтой. 

Байршил: Хотын төвөөс ердөө 2 километр зайтай

Агаар: Утаа багатай

Сургууль, цэцэрлэг: Хүрэлцээтэй

Энтертайнмент төв: Гэгээнтэн цогцолбор руу 10 минут алхах зайтай

Эмнэлэг: Интермед эмнэлгээс 10 минут алхана. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв энэ бүсэд байршиж байна. 

Цагаан, ягаан, саарал өнгөөр ижилссэн социализмын үеийн байшингуудтай 120 мянгат,  19-р хороололд тайван орчин ноёрхдог. Хотын бусад бүстэй харьцуулахад өнцөг тохой бүрт шинэ байшин сүндэрлээгүй учраас их хотын завгүй хэмнэлийн дүр төрхийг эндээс олж харахгүй. Харин ч төвлөрөл багатайн хувьд машины дуу чимээгүй, зогсоолын хүрэлцээ сайтай, хүүхдийн тоглоомын талбай олонтой гэж хэлж болно. Өндөр барилга, байшин багатай учраас нар үзэхгүй гэх асуудал оршин суугчдад бага тулгардаг. 

120 мянгат орчмын гэрэл зургийн сурвалжлагыг хүргэж байна

Дунд голын хөвөөг дэрлэсэн энэ орчин өвөлдөө ялимгүй жавартай байж мэднэ. Харин зуны үдэш Дунд голоос сэвэлзэх сэрүүн агаар орчныг тэр чигт нь бүрхэж, таатай мэдрэмж төрүүлдэг. Бусад бүстэй харьцуулахад өвлийн улиралд утаа багатай. 

Эрүүл мэндийн үйлчилгээ авахад энэ бүсэд оршин суугчдад хялбар. Учир нь Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв энэ бүсэд байршиж байна. Мөн чанар чансаагаараа олны дунд танигдсан Интермед эмнэлэг рүү 10 минут л алхаад орчих боломжтой. 

Түүхэн дурсгалт газар ч энэ бүсэд бий. Улаанбаатар бүү хэл Монголын түүхийн нэгэн үеийг илэрхийлэх Богд хааны ордон музей 120 мянгатаас тун ч ойрхон гэдгийг зориуд цохон тэмдэглье. Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтын амьдарч байсан энэ музей хамгийн баялаг сантай гэдгээрээ алдартай. Тиймээс ч үзэж харах зүйл бишгүй. 

Дашрамд хэлэхэд, 120 мянгатад байршдаг Хан-Уул дүүргийн бүх хороо цэцэрлэгтэй тухай Нийслэлийн боловсролын газраас мэдээлж байв. Сургуулийн хувьд ч энэ бүсийн гурван хороонд(Хан-Уул дүүрэг 1,2,3) төрийн болон хувийн сургуулиуд байршдаг. Сургуулийн хамран сургах тойргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД, цэцэрлэгийнхийг ЭНД дарж аваарай. 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: