Орчны танилцуулга | Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

4-р сар. 8, 2019, 11:51 a.m.

Замын цагдаагийн зүүн урд уулзвараас Дүнжингарав худалдааны төв хүртэл үргэлжлэх газрыг зарим нь Баянмонгол гэх нэрээр мэддэг байх. Харин зарим хүн энэ орчмыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж нэрлэдэг. Ямартай ч энэ орчмыг албан ёсоор Баянзүрх дүүргийн 26-р хороо гэж нэрлэдэг. 

Нийслэл хотод төвлөрөл хамгийн эрчимтэй нэмэгдэж буй уг хороонд орон сууцны шинэ төслүүд өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Тиймээс ч энэ орчим нь орчин цагийн Улаанбаатар хотын хамгийн шинэ дүр төрх, тэр хэрээр төлөвлөлт, орчин нөхцөлийг үндэсний компаниуд өөрсдөө тодорхойлсон бүс болжээ. 

Хотын төвөөс холгүй, агаарын бохирдол багатай гэх давуу талаас гадна төвийн шугамд холбогдох боломжтой нь энэ орчмын байршлыг үнэ цэнэтэй болгодог. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно сүндэрлэх төслүүд нь өөр хаана ч байхгүй давуу талтай. Энэ бол нарны гэрэл хааж өөр барилга баригдахгүй гэх том давуу тал юм. 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Туул голын ай сав газрыг цэцэрлэгжүүлж, ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулах зорилготойгоор байгуулагдаж буй эл цэцэрлэгт хүрээлэнд нийслэлчүүд чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх боломжтой. Амралт зугаалгын эл төвд Ботаникийн бичил цэцэрлэг бий. Мөн хүүхэд залуучууд тоглох боломжтой спорт тоглоомын олон талбай энд бий. 

1. Хөл бөмбөгийн талбай

2. Газрын теннис талбай

3. Сагсан бөмбөгийн талбай

4. Грин байк(Green bike) дугуй түрээс

5. Сөүлийн хүүхдийн тоглоомын талбай

6. Гудамжны спорт турнекийн талбай

7. Хүүхдийн тоглоомын талбай

8. Газрын усан оргилуур 

9. Цөөрөм/усан завь/ 

10. Монголын крикетийн талбай

Төвлөрөл

Баянзүрх дүүргийн 26-р хороонд орон сууцны шинэ төслүүд хэрэгжихийн хэрээр хүн амын төвлөрөл ч асар хурдтай нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл өнгөрсөн 2012 онд тус хороонд нийт 5880 хүн амьдарч байсан бол таван жилийн дотор энэ тоо 151.2 хувиар өсөж, 14476 хүнтэй болжээ. 

Төвлөрөл нэмэгдэж байгаагийн хэрээр энэ орчимд түгжрэл нэмэгдэж байгааг уншигч та мэдэж байгаа байх. Ялангуяа Баянмонголын зам дагуух машины түгжрэлд цаг хугацаа дэмий өнгөрөөхийг хүсэхгүй байгаа бол уншигч та алхах боломжтой шүү. Хотын төвд ойр учраас алхаж явахад тийм ч их цаг зарцуулахгүй. Дашрамд тэмдэглэхэд, энэ орчимд байр сонирхож байвал дулаан зогсоол авахыг танд зөвлөж байна. Машины зогсоолын хүрэлцээгүй байдал төвлөрөл ихтэй энэ газар анзаарагддаг. 

Шинэ орон сууцны дундаж үнэ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд бизнес болон дундаж ангилалд багтах төслүүд ихэвчлэн баригдаж байна. Тэнхлэг зууч компаниас гаргасан мэдээллээс үзэхэд 2018 оны эцсийн байдлаар бизнес ангилалын орон сууцны дундаж үнэ ам метр тутамдаа 3.4 сая төгрөгтэй тэнцэж байна. Мөн үед дундаж ангилалын орон сууцны ам метрийн ханш 2.2 сая төгрөг болжээ.  

Харин дүүргээр авч үзвэл, өнгөрсөн 2018 оны эцсийн байдлаар Баянзүрх дүүргийн шинэ орон сууцны дундаж ханш ам метр тутамдаа 2.08 сая төгрөгтэй тэнцэж байна. 

Үйлчилгээний газар 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчимд Home Plaza, Encanto-Orgil худалдааны төв, Good Price супермаркет бий. Мөн энэ орчимтой Дүнжингарав худалдааны төв, Нарантуул зах ойр байршдаг. Баянмонголын зам дагуу сүндэрлэж буй шинэ барилгуудад төрөлжсөн болон үйлчилгээ сайтай шинэ зоогийн газрууд үүд хаалгаа дэлгэж байна. Мөн энэ орчимд KFC, Pizza Hut, Little Sheep зэрэг сүлжээ ресторан байрлаж байна. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Улаанбаатарт үйлчилгээний соёл нэмж буй 6 супермаркет

Сургууль, цэцэрлэг 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлаж буй улсын сургууль, цэцэрлэг хараахан алга. Гэхдээ энэ орчимд шинэ сургуулийн байр барихаар төлөвлөж байгаа тухай албаны хүмүүс хэлж байна. Нийслэлийн боловсролын газрын хамран сургах тойргийн мэдээллээс үзвэл, Баянзүрх дүүргийн 26-р хорооны хүүхдүүд 133-р сургуульд суралцах боломжтой. Энэхүү сургууль нь Дүнжингарав худалдааны төвийн замын урд байршдаг. Хамран сургах тойргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу. 

Хувийн сургуулийн хувьд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх эсрэг талд Олонлог Академи сургууль үйл ажиллагаа явуулж байна. Мөн энэ бүстэй ойрхон Маршалын гүүр орчимд Orchlon International School, International School of Ulaanbaatar байршиж байна. Зүүн хойд хэсэг буюу 13-р хороолол орчимд Шинэ Монгол сургууль бий.

Нийслэлийн боловсролын газраас танилцуулдаг цэцэрлэгийн хүүхдийн хамран сургах тойргийн мэдээллийг ЭНД дарж аваарай. Баянзүрх дүүргийн 26-р хорооны хүүхдүүд 122-р цэцэрлэгт хүмүүжих боломжтой. Тус цэцэрлэг нь 13-р хороололд, Бөхийн өргөөний зүүн урд байршдаг. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд ч энэ орчимд үйл ажиллагаа явуулдаг. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: