Орчны танилцуулга | Хан-Уул дүүрэг

5-р сар. 20, 2019, 4:45 p.m.

Улаанбаатар хотын баруун урд хэсэгт орших Хан-Уул дүүрэг нь нийт 485 километр нутаг дэвсгэрийг хамарч, 16 хороонд хуваагдан байршиж байна. Богд хайрханы бэлд, суналзан урсах хатан туулын хөвөөнд Хан-Уул дүүрэг оршоод 54 жилийн түүхийг бүтээжээ. Ажилчны район нэрээр анх 1965 онд байгуулагдсан уг дүүрэг нь нийслэл хотын хамгийн ууган дөрвөн дүүргийн нэг юм.

Хан-Уул дүүргийн Зайсан-Нисэх орчмын 360 аялалтай танилцана уу. 

Сүүлийн жилүүдэд Хан-Уул дүүрэгт өрнөсөн бүтээн байгуулалтын ажлын эрчтэй холбоотойгоор энд хүн амын нягтаршил нэмэгдэж байна. Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын үндсийг тавьсан дүүргийн хувьд үйлдвэрийн бүс гэх үнэ цэнээ одоо ч гээлгүй, эдийн засгийн хувьд үйлдвэр олонтой дүүрэг гэдгээрээ бусдаас ялгарч байна. 

Хан-Уул дүүргийг бүсчилсэн Орчны танилцуулгуудыг доорх жагсаалтаас хараарай.

Орчны танилцуулга | Зайсан

Орчны танилцуулга | Удирдлагын академи 

Орчны танилцуулга | Яармаг

Орчны танилцуулга | Маршалын гүүр 

Орчны танилцуулга | 120 мянгат 

Хан-Уул дүүрэгт өдгөө 178.9 мянган хүн амьдардаг. Аж ахуйн нэгж, үйлдвэр хоршооны тоо нь харин 16.3 мянгад хүрснийг тус дүүргийн Засаг Даргын Тамгын газраас мэдээлдэг. Мөн 33.2 мянган толгой мал, 39.1 мянган тахиа, 3753 гахай бүхий эрчимжсэн аж ахуйтай, хүлэмжийн аж ахуй, агро парк бүхий газар тариалан хөгжсөн бүс нутаг аж.   

Эл дүүрэг нь 48.5 мянган га нутаг дэвсгэртэй. Үүнээс 21.1 хувь буюу 10226 га нь ой мод, гол горхи, рашаан ус бүхий дархлагдсан ногоон бүс, 67.6 хувь буюу 32763 га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, 11.3 хувь буюу 5499 га нь хот суурин, зам харилцааны сүлжээ, нийтийн эзэмшлийн газарт хамаардаг.

Хан-Уул дүүргийн эдийн засаг - Үйлдвэрийн бүс 

Монгол Улсын Аж үйлдвэрийн тулгын чулууг тавьсан Ажилчны район, түүний түүхэн гавьяагаар монголчууд бүгдээр бахархдаг. Өдгөө хөнгөн үйлдвэр, арьс, савхин эдлэл, ноос ноолуур, сүлжмэлийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, гадаад харилцаа, боловсрол соёл, урлаг, спорт, эрүүл мэнд, эрчим хүч, авто зам, барилгын салбар тус дүүрэгт хурдацтай хөгжиж байна.

Энэ дүүрэг нь агаарын болон төмөр замын тээврийн дэд бүтэцтэй гэдгээрээ бусдаас ялгардаг. 

Хан-Уул дүүрэг нь аж үйлдвэрийн томоохон бүс нутаг юм. Жишээ нь, тус дүүрэгт Говь, Гоёо болон Кашмер Холдингийн үйлдвэр байршдаг нь ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн дүүрэг гэдгийг нь илтгэнэ. Мөн МАК, АПУ, Витафит групп, Таван богд зэрэг ТОП аж ахуйн нэгж байршдаг. Мөн хүнсний үйлдвэрлэлийн Атар өргөө, Монфрэш, Жем интернейшнл нь Хан-Уул дүүрэгт бий.

Дашрамд хэлэхэд, Дулааны гуравдугаар цахилгаан станц ТӨҮГ, МИАТ, Зорчигч Тээврийн нэгтгэл ОНӨҮГ, Биокомбинат ОНӨҮГ зэрэг үндэсний томоохон компани үйл ажиллагаа явуулдаг. 

Хан-Уул дүүргийн аж үйлдвэрийн газрууд өнгөрсөн онд нийт 1.1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх 2017 оны эцэстэй харьцуулахад үйлдвэрлэлт 19.2, борлуулалт 19.6 хувиар тус бүр өссөн дүн юм. 

Хан-Уул дүүргийн аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч, хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн газрууд нь Монгол Улсын аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 7.5 хувь, нийт борлуулалтын 9.2 хувь, Нийслэлийн нийт үйлдвэрлэлтийн 21 хувь, нийт борлуулалтын 20.7 хувийг тус тус үйлдвэрлэдэг аж.

Хан-Уул дүүргийн өрсөлдөх чадвар 

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварыг тодорхойлжээ. Эндээс үзэхэд, Хан-Уул дүүрэг эдийн засаг, амьдрах орчин зэрэг үзүүлэлтээр бусад дүүрэгтэй харьцуулахад тэргүүлсэн байна. Энэ тухай тус төвийн судлаач Э.Тунгалаг "Улаанбаатар хотын есөн дүүргийг хооронд нь харьцуулж өрсөлдөх чадварыг гаргасан. Энэ үед Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүрэг өрсөлдөх чадвараараа тэргүүлсэн. Харин алслагдсан буюу Багахангай, Налайх, Багануур дүүргийн өрсөлдөх чадвар харьцангуй сул байгаа" гэж хэлсэн юм.   

Дээрх судалгаанаас харахад, Хан-Уул дүүргийн иргэдийн амжиргааны түвшний хүлээлт эерэг, дундаж орлого нь 500 мянгаас бага өрхийн тоо харьцангуй цөөтэй болох нь ажиглагдаж байгаа юм. Мөн тус судалгаанд хамрагдсан иргэд Хан-Уул дүүргийн агаарын бохирдлын хэмжээ бага байдаг гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.  

Хан-Уул дүүргийн гэмт хэргийн түвшин 

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл Хан-Уул дүүрэг нь гэмт хэргийн гаралт харьцангуй багатай дүүрэг аж. Тухайлбал, 2017 оны жилийн эцсийн байдлаар тус дүүрэгт хулгайн гэмт хэрэг нийт 645 бүртгэгдсэн байгаа нь хөрш Банягол дүүргээс 28, Баянзүрх дүүргээс 317 хувиар бага дүн юм.

Харин Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас танилцуулсан мэдээллээс үзвэл, он гарсаар(2019.IV сар) тус дүүрэгт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тоо 861 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.7 хувиар буурсан дүн юм. Гэмт хэргийн гаралтыг хороогоор ангилсан статистикээс харвал, Хан-Уул дүүргийн 15-р хороо нь хамгийн их гэмт хэргийн гаралттай байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар тус хороонд нийт 170 гэмт хэрэг бүртгэгдсэнээс залилангийн хэрэг хамгийн өндөр хувийг бүрдүүлсэн аж. 

Харин Яармаг орчмын буюу Хан-Уул дүүргийн 4, 5-р хороонд гэмт хэргийн гаралт харьцангуй бага байна. 

Дашрамд тэмдэгэлэхэд, Хан-Уул дүүрэгт Цагдаагийн хоёр хэлтэс үйл ажиллагаа явуулдаг. Тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгийн зүүн талд байрладаг. Энэ хэлтэст Зайсан, Маршалын гүүр, 120 мянгат, 19-р хороолол орчим харъяалагддаг. Харин Яармаг, Нисэх орчим нь Цагдаагийн хоёрдугаар хэлтэст хамаарагдаж байна. Эл хэлтэс нь Яармагийн гуравдугаар буудлын замын хойно байршиж байна. 

Хан-Уул дүүргийн түүхэн дурсгалт газрууд 

Их хотын түүхэн дурсгалт газрын тухай мэдээллийг эмхэтгэсэн "Улаанбаатар хотн түүх,соёлын үл хөдлөх дурсгалын товч танилцуулга" нэртэй ном бий. Улаанбаатар хотын музейгээс эмхэтгэсэн энэ номд нийслэл хотод байршиж буй түүхэн үнэ цэнэт үл хөдлөх хөрөнгүүдийг нэрлэжээ. Эндээс үзэхэд, Хан-Уул дүүрэгт нийслэл хотын түүхийг өөрийн өнгө төрхөөр үзүүлэх нийт 15 түүхэн дурсгалт газар байна. Харьцуулахад, Сүхбаатар дүүрэгт 61 түүхэн дурсгалт газар байдаг бол Баянгол дүүрэгт ердөө 6 бий. 

Хан-Уул дүүргийн түүхэн дурсгалт газруудыг нэрлэвэл, та бидний сайн мэдэх Богд хааны ордон музей, Танктай хөшөө багтана. Монгол Улсын Олон Улсын Нисэх Буудлын анхны байшин энэ дүүрэгт одоо хүртэл байсаар байгааг харин хүмүүс төдийлэн мэдэхгүй болов уу. 

Хан-Уул дүүргийн сургууль, цэцэрлэг

Хан-Уул дүүрэг нь Улаанбаатар хотын бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн олон хувийн сургуультай газар юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэдээллээс үзвэл тус дүүрэгт ерөнхий боловсролын 37 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 19 нь хувийн хэвшлийнх аж. Улсын сургуулиудын хамран сургах тойргийн тухай мэдээллийг авах бол ЭНД дарна уу. 

Хувийн сургуулиудын хувьд тус дүүрэгт Шинэ Монгол Харамафүжи, Орчлон төв, Бритиш зэрэг олон нийтийн дунд танигдсан сургуулиуд байршиж байна. Мөн Америк сургууль ч энэ дүүрэгт бий. 

Хан-Уул нь бусад дүүрэгтэй харьцуулахад цэцэрлэгийн хүрээлцээ харьцангуй сайтай. Нийслэлийн боловсролын газрын мэдээллээс үзвэл тус дүүргийн бүх хороо цэцэрлэгтэй аж. Цэцэрлэгийн хамран сургах тойргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс хийсэн Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын тайлан 2019-ээс харахад, Хан-Уул дүүрэгт нэг багшид ногдох цэцэрлэгийн хүүхдийн тоо 38-тай тэнцэж байна. Харьцуулахад, энэ үзүүлэлт Баянзүрх дүүрэгт 44-тэй тэнцэж байгаа юм. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: