Орчны танилцуулга | 13-р хороолол

6-р сар. 6, 2019, 1:38 p.m.

Бөхийн өргөөгөөр өнгө төрхөө илэрхийлдэг 13-р хороолол, Натур худалдааны төв орчим нь Улаанбаатар хотын хамгийн их хүн төвлөрсөн бүс болжээ. Сүүлийн жилүүдэд өрнөсөн орон сууцны барилгын бүтээн байгуулалтын эрч нь 13-р хороолол, Натур худалдааны төв орчмыг хүн амын хамгийн их нягтаршилтай бүс болгож байна. Зах, худалдааны төв олноор байршдагийн хувьд энэ орчим нь хүн хөл ихтэй. 

Энэхүү орчны танилцуулгад Баянзүрх дүүргийн 6, 15, 18, 25-р хороог хамруулан бичлээ. Нийслэлийн статистикийн газрын мэдээллээс үзвэл, тус дүүргийн нэг га газарт ногдох хүний тоо буюу хүн амын нягтрал зургаадугаар хороонд 379, 15 дугаар хороонд 452, 25 дугаар хороонд 355 хүн байгаа нь хамгийн их хүн ам төвлөрсөн бүс гэдгийг харуулж байгаа юм. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Орчны танилцуулга| Баянзүрх дүүрэг 

Хүн амын нягтаршил 

Хотын төвд ойр, А зэрэглэлийн бүсэд байршдагийн хувьд Натур худалдааны төвийн орчим буюу Баянзүрх дүүргийн 25-р хороонд сүүлийн жилүүдэд хүн амын нягтаршил эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал, тус хороонд 2014 онд 9584 хүн амьдарч байсан бол энэ тоо таван жилийн дотор 41 хувиар өссөн байна. Харин 18-р хорооны хүн ам сүүлийн таван жилд 13 хувиар өсжээ. 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Байрны төрөл 

Баянзүрх дүүргийн байрны төрлийг үнээр нь авч үзвэл дундаж болон стандарт зэрэглэлийн төслүүд ихэвчлэн хэрэгждэг.

Тэгвэл Бөхийн өргөө болон Натур худалдааны төвд борлуулагдаж буй шинэ орон сууцны төсөлд бизнес ангилалд багтах хоёр төсөл хэрэгжиж байгааг үл хөдлөх хөрөнгийн судалгаа, зөвлөгөө, үнэлгээний мэргэшсэн үйлчилгээ үзүүлдэг "Тэнхлэг зууч" компаниас мэдээлж байна. Тухайлбал, тус дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт сүндэрлэж буй High Apart хотхоны ам метрийн нэрлэсэн ханш 3.95, Naran Place орон сууцны төслийнх 3.98 сая төгрөгтэй тус бүр тэнцэж байна. Харин 25-р хорооны хувьд борлуулагдаж буй гурван төсөл бий. 

Зах, үйлчилгээний газар

13-р хороолол орчим нь зах худалдааны төвд хамгийн ойр оршдог бүс юм. Нарантуул болон Дүнжингарав худалдааны төв энэ бүсэд маш ойр оршдог. Мөн Шөнийн зах, Sunday худалдааны төв бий. Түүнчлэн наймаачид гадаа худалдаа эрхэлдэг гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Энэдээс та хүнс болон ахуйн хэрэгцээний зүйлсээ хямд үнээр худалдан авах боломжтой.

Дашрамд тэмдэглэхэд, 13-р хороолол орчимд Миний зах байршиж байна. 

Мөн Нарны зам дагасан машины сэлбэг борлуулалт, бусад үйлчилгээ үзүүлдэг дэлгүүрүүд бий. Тухайлбал, Доктор Авто Сүлжээгийн салбар энд байршиж байна.  

Дээр дурдсан зах худалдааны төвүүдэд зарагддаг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн дундаж үнийг харахыг хүсвэл ЭНД дарж, Нийслэлийн статистикийн газрын үнийн мэдээлэлтэй танилцаарай. Энэ мэдээлэл нь долоо хоног бүр шинэчлэгдэж байдаг. 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Улаанбаатарт үйлчилгээний соёл нэмж буй 6 сүлжээ супермаркет 

Эрүүл мэнд 

Энэ орчимд Монгол Улсад цор ганц Хавдар судлалын үндэсний төв үйл ажиллагаа явуулдаг. Мөн 13-р хорооллоос холгүй та бидний Сайд нарын хоёр нэрээр нь сайн мэдэх Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. 

Тэгвэл анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлэгүүдийн нэр болон утасны дугаарыг дор оруулав. 


 

  • 6-р хорооны Өрхийн эмнэлэг: Оцелло-Сэргэлт - 70153007
  • 15-р хорооны Өрхийн эмнэлэг: Цэдэн-Эрдэнэ - 70152580
  • 18-р хорооны Өрхийн эмнэлэг: Сугар-Энх - 88005994
  • 25-р хорооны Өрхийн эмнэлэг: Энх-Агшин - 99055798

Эх сурвалж: Эрүүл  мэндийн яам 


Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан мэдээллээс үзвэл энэ орчимд эмийн сангийн хүрэлцээ хангалттай байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд 13, 15-р хороонд 10, 18-р хороонд 15, 25-р хороонд 7 эмийн сан тус бүр үйл ажиллагаа явуулж байна. Дээр дурдсан эмийн сангуудын хаяг, утасны дугаарыг авахыг хүсвэл ЭНД дарж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.  

Сургууль, цэцэрлэг

13-р хорооло, Натур худалдааны төв орчимд 21, 84 болон 111-р сургууль байршиж байна. Мөн та бидний дунд сургалтын чанар, чансаагаар хэдийнэ танигдсан Шинэ Монгол сургууль энд байршдаг. Цэцэрлэгийн хувьд энэ орчмын хүүхдүүд 122, 129, 136 болон 147-р цэцэрлэгт хамрагдах боломжтой. Нийслэлийн Боловсролын газраас гаргадаг сургуулийн хамран сургах тойргийн мэдээллийг ЭНД, цэцэрлэгийнхийг ЭНД дарж хараарай. 

 

 

  

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: