Орчны танилцуулга | Баянзүрх дүүрэг

6-р сар. 3, 2019, 9:49 a.m.

Улаанбаатар хотын зүүн талд байрладаг Баянзүрх нь нийслэлийн хамгийн том дүүрэг юм.  Богд Хан Уулын Бага тэнгэр, Богино Хүрхрээ, Чулуут, Бумбат, Залаат, Төр хурах ам болон Хар усан тохой зэрэг ан амьтан, цэцэг жимс, ой мод, рашаан ус, эмийн ургамал бүхий үзэсгэлэнт сайхан байгальтай энэ дүүрэг нь нийт 124.4 мянган га газартай. Хамрах талбай өргөжихийн хэрээр хүн амын тоогоор Баянзүрх дүүрэг нийслэлд тэргүүлж байна.  

Түүх сөхөж харвал, энэ дүүргийг хамгийн анх 10 хорооны зохион байгуулалттай Найрамдалын район нэртэйгээр 1965 онд бүсчилжээ. Өдгөө 54 жилийн дараа эл дүүрэг нь 28 хороонд хуваагдаж байна. 

Баянзүрх дүүргийн бүсчилсэн Орчны танилцуулгыг доорх жагсаалтаас хараарай. 

Орчны танилцуулга | Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Орчны танилцуулга | 13-р хороолол 

Гоёмсог барилга, өргөн гудамж, зам талбай, гүүр, хөшөө дурсгал бүхий хотын шинжийг агууласны сацуу уул толгод, ой хөвч, тал хээрийг багтаасан үзэсгэлэнт байгаль бүхий Нийслэл хотын хамгийн том дүүрэгт өдгөө 343.6 мянган хүн амьдарч байна. Хүн амын төвлөрөл ихсэж байгаа нь тус дүүрэгт сүүлийн жилүүдэд орон сууцны барилга эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотой юм.  

Нийслэлийн статистикийн газрын мэдээллээс үзвэл, тус дүүргийн нэг га газарт ногдох хүний тоо буюу хүн амын нягтрал зургаадугаар хороонд 379, 15 дугаар хороонд 452, 25 дугаар хороонд 355 хүн байгаа нь хамгийн их хүн ам төвлөрсөн бүс гэдгийг харуулж байна. Дээр дурдсан хороодын газар нутаг нь 13 хороололын бүсэд хамаардаг байна. 

Дүүргийн нутаг дэвсгэрт 4700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс 151 нь төсвийн, 420 нь төрийн бус байгууллага бол 18 нь хувьцаат компани, 3345 нь хувьцаат хариуцлагатай компани юм. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газар 49, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар 13 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг тухай тус дүүргийн Тамгын газраас мэдээлж байна. 

Эдийн засаг - Зах, худалдааны төв 

Хүн амын төвлөрөл ихтэй энэ дүүрэгт Монгол Улсын хэмжээнд томд тооцогдох зах, худалдааны төвүүд байршиж байна. Тус дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул худалдааны төвөөр өдөрт 100 мянга орчим хүн үйлчлүүлдэг гэх тоо бий. Мөн энэ хэсэгт Шөнийн зах болон Дүнжингарав, Sunday худалдааны төв үйл ажиллагаа явуулдаг. Автомашины Өгөөмөр, Да хүрээ зах ч энэ дүүрэгт байрладаг. 

Нийслэлийн статистикийн газрын мэдээллээс үзвэл, өнгөрсөн 2018 оны жилийн эцсийн байдлаар Баянзүрх дүүрэгт 891 худалдааны төв үйл ажиллагаа явуулсан байна. Үүнд нийт 13369 хүн ажилладаг гэх тооцоо гарчээ.  

Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл Баянзүрх дүүрэгт бусад дүүрэгтэй харьцуулахад хамгийн олон аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Баянзүрх дүүрэгт байршилтай, бизнес регистерийн санд бүртгэлтэй нийт 12534 аж ахуйн нэгж бий. Харьцуулахад, нийслэл хотын төв цэг болсон Сүхбаатар дүүрэгт 10977 аж ахуйн нэгж идэвхитэйгээр үйл ажиллагаа явуулж байна. 

 Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Орон сууц - Стандарт

Баянзүрх дүүрэгт орчин цагийн шинэ хорооллууд шилээ даган өндийж байна. Тэнхлэг зууч компаниас гаргасан мэдээллээс үзвэл, 2018 оны жилийн эцсийн байдлаар Баянзүрх дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ ам метр тутамдаа 2.08 сая төгрөгтэй тэнцэж байна. Товчоор стандарт зэрэглэлийн орон сууц Баянзүрх дүүрэгт түгээмэл байдаг гэсэн үг. 

Нөгөө талаас тус дүүрэгт орон сууцны төслүүд эрчимтэй хэрэгжиж буйг Нийслэлийн статистикийн газрын тоон дүн баталдаг. Баянүрх орчимд өнгөрсөн онд 245 тэрбум төгрөгийн орон сууцны барилгын ажил хийсэн гэнэ. Харьцуулахад, 2017 онд энэ тоо 415 тэрбум төгрөгтэй тэнцэж байсныг ЭНД дарж харна уу. Харьцуулахад, 2017 онд Хан-Уул дүүрэгт 311 тэрбум төгрөгийн орон сууцны барилгын ажил хийсэн тухай статистикийг ЭНД дарж хараарай. 

Тэнхлэг зууч компаниас бэлтгэсэн мэдээллээс үзвэл, 2018 оны жилийн эцсийн байдлаар шинээр захиалга авч буй төслийн тоогоор Баянзүрх дүүрэг тэргүүлж байна. Тус дүүргийн нутаг дэвсгэрт 12358 айлын орон сууц захиалга авч байгаа юм. Харьцуулахад, Хан-Уул дүүрэгт энэ тоо 11129-тэй тэнцэж байна. 

Эрүүл мэнд

Нийслэл хотын хамгийн олон хүнтэй дүүргийн хувьд Баянзүрх нь халдварт өвчний гаралт өндөртэй бүс аж. Нөгөө талаас тус дүүргийн нутаг дэвсгэрт Халдварт өвчин судлалын үндэсний төв байрладаг нь нөлөөлж байна. Нийслэлийн эрүүл мэндийн газраас танилцуулдаг статистикээс үзвэл, 2018 оны дөрөвдүгээр улиралын эцсийн байдлаар Баянзүрх дүүргийн 10 мянган хүнд ногдох халдварт өвчний гаралт 43.1 хувьтай байгаа нь нийслэл хотын дунджаас гурван хувиар өндөр дүн байгаа юм. 

Тус дүүрэгт нэгдүгээр шатлалын буюу хамгийн анхан шатны тусламж үзүүлэх өрхийн 27 эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Өрхийн эмнэлэгүүдийн нэр, хаягийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. Мөн хоёрдугаар шатлалын Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв байршдаг. Түүнчлэн та бидний Халдварт, Сайд нарын хоёр гэх нэршлээр нь сайн мэдэх Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг энэ дүүрэгт байршдаг. Монгол Улсад цор ганц Хавдарын эмнэлэг ч Баянзүрх дүүрэгт бий. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээллээс үзвэл тус дүүрэгт 250 орчим хувийн эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.    

Баянзүрх дүүрэгт эмнэлэгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч хувийн байгууллагын тоо дараах байдалтай байна. 


 

  • Шүдний эмнэлэг - 84
  • Эмэгтэйчүүдийн эмнэлэг - 36
  • Дотрын эмнэлэг - 23
  • Уламжлалт - 21
  • Мэдрэлийн өвчний онош, эмчилгээ - 10
  • Хүүхдийн эмнэлэг - 27
  • Эмчилгээний гоо засал - 19
  • Нүдний эмнэлэг - 6
  • Чих, хамар, хоолойн эмнэлэг - 6
  • Мэс заслын оношилгоо - 3
  • Клиник лаборатори - 7
  • ЭХО, дүрс оношилгоо - 8 

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар 


 Сургууль, цэцэрлэг 

Баянзүрх дүүрэг нь нийслэл хотын хамгийн олон Ерөнхий боловсролын сургуультай дүүрэг юм. Нийт 54 сургууль Баянзүрх дүүрэгт байрлаж байгаагийн 28 нь улсынх, 26 нь хувийн хэвшлийн сургууль юм. Тус дүүрэгт та бидний дунд хэдийнэ танигдсан Шинэ Монгол, Гётё, Олонлог зэрэг сургууль байршиж байна. Улсын сургуулиудын хамран сургах тойргийн тухай мэдээллийг ЭНД дарж авна уу.

Цэцэрлэгийн хувьд энэ дүүрэг нь харьцангуй хүрэлцээ багатай гэж хэлж болно. Тухайлбал, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс хийсэн Улаанбаатар хотын өрсөлдөх чадварын тайлан 2019-ээс харахад, Баянзүрх дүүрэгт нэг багшид ногдох цэцэрлэгийн насны хүүхдийн тоо 44-тэй тэнцэж байгаа юм. Харьцуулахад энэ тоо Хан-Уул дүүрэгт 38 байгаа юм. 

Нийслэлийн боловсролын газраас танилцуулдаг цэцэрлэгийн хүүхдийн хамран сургах тойргийн мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дараарай.

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: