Монконоос өгч буй интерьерийн зөвлөгөө

1-р сар. 16, 2020, 6:04 p.m.

Манадала гэх нэрээр брэнд бүтээсэн Монкон группийг уншигч та мэдэх болов уу. Тус компанийн цахим хуудаст интерьерийн сонирхолтой зөвлөгөө нийтлэгдснийг хүргэж байна. 

Интерьер гэдэг нь дотоод гэсэн утгатай франц үг юм. Иймд дотоод засал чимэглэлийг интерьер дизайн гэж нэрлэдэг бөгөөд энэ нь өөрийн болон хүрээлэн буй орчны тав тухтай нөхцөл, аливаа юмсын хэлбэр, гоо зүйн зохицол, орон зайн зөв шийдэл, тохилог орчныг бий болгох хэрэглээний урлаг юм.
 
Орчин тойрны эд юмс, байшин барилга, тавилга хэрэгсэл, хувцас бүгд тодорхой дизайн буюу загвар хийцтэй байдаг. Дизайн буюу загварын үндсэн шинж нь эд зүйлсийн харилцан зохицлыг нийцүүлэх ухагдахуун бөгөөд энэ нь уран сайхны хэмжүүр, тохирол зүйн уялдаа холбооны цогц ойлголт юм. Дизайны зорилго нь олон төрлийн шинж чанар бүхий объектыг идэвхтэй хэрэглээнд оруулж, амьдралд хэрэглэгддэг эд зүйлсийн хоорондын харилцан зохицлыг тогтооход оршино.
 
Тухайн орчны агуулгыг хэлбэр, эд зүйлс, тавилгын зохицлыг хангаж, тав тухтай, сэтгэл өөдрөг амьдарч, ажиллах орчин нөхцөл бүрдүүлэхийн тулд интерьер дизайны шийдлүүдийг хэрэглэдэг.  Харин интерьер дизайны гүйцэтгэлийн зорилго нь аливаа зүйлсийн орон зайг гоо зүйн хувьд төгс төгөлдөр болгож дээд зэргийн тав тухтай, тааламжтай орчин бий болгоход чиглэгдэнэ. Хүн хүрээлэн буй орчноосоо бүрэн хамааралтай амьдардаг тул интерьер дизайны хүнд нөлөөлөх нөлөөлөл нь суурин амьдрал хөгжихийн хэрээр хэрэгцээ нь улам нэмэгдсээр байна.
 
ГЭРЭЛТҮҮЛЭГ
 
 
Гэрэлтүүлэг хүний зан байдалд хэрхэн нөлөөлж байгааг харуулах тод жишээ бол хоолны салбар юм. Түргэн хоолны газрын борлуулалт үйлчлүүлэгчдийн түргэн эргэлтээс ихээхэн хамаардаг, тиймээс гэгээтэй гэрэлтүүлэг, тухтай биш энгийн сандал ойр ойрхон байрлуулж, тод өнгүүдийг сонгож, хүмүүс хоолоо түргэн идээд гарахад нөлөөлдөг байна.
 
Харин үйлчлүүлэгчдэд хоолны гайхамшгийг мэдрүүлэх өндөр үнэтэй зоогийн газруудтай харьцуулбал бүүдгэр бүдэг гэрэлтүүлэг, намхан ширээ, тухтай буйдан, хувийн орон зайг илүү чухалчилсан байдал нь үйлчлүүлэгчдийг илүү удаан тухлан суух, түүнчлэн дахин өндөр үнэтэй дарс захиалахад хүргэдэг аж.
 
ОРОН ЗАЙН МЭДРЭМЖ
 
 
Хүрээлэн орчны сэтгэл зүйчдийн судалгаагаар бидний хүрээлэн буй орчин хүмүүсийн мэдрэмж, ямар нэгэн зүйлд хариу үйлдэл хийхэд чухал нөлөө үзүүлдэг гэсэн байна. Тиймээс өөрсдийгөө тухгүй, ядарсан, гунигтай мэдрэмж төрүүлэхээс сэргийлэн интерьер дизайн буюу орон зайн дотор засал чимэглэлд анхаарч хүний зан байдалд эерэг нөлөө үзүүлэх орчинг бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, зай багатай, пиг дүүрэн өрөө нь хүний зан байдалд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хаалттай, зай муутай мэдрэмжийг төрүүлдэг хүчин зүйлүүд нь намхан тааз, жижиг цонх, байгалийн муу гэрэл, бүгчим халуун, зай багатай, эсвэл тавилга ихтэй өрөө, бусад эд хогшлууд нь чөлөөтэй зайг дүүргэсэн байдлууд юм.
 
ЗАГВАР ДИЗАЙН, ХҮН ХООРОНДЫН ХОЛБОО
 
Өрөөний загвар дизайн болоод хүн хоорондоо нягт холбоотой гэдэг нь гарцаагүй юм. Учир нь хүмүүс дотоод заслын гайхалтай санаа бодож олоод гэрээ тохижуулдаг нь хожим тухайн хүний өөрийнх нь маш том илэрхийлэл болж өгдөг. Нэг зүйл нөгөөгүйгээр оршин тогтнох боломжгүй гэдэг санаа нь орчныг тохижуулах явцдаа зөв сонголтуудыг хийх гайхалтай сэдэл болж өгдөг. Тухайн гэрт амьдардаг хүмүүсийн сэтгэл зүй, зан чанар нь гэрийн дотоод засал, тохижилттой хэрхэн холбогдож буйг анзаарч, ойлгох нь чухал.
 
Гэхдээ гэрийн дотоод заслыг хүн бүрийн зан ааш, хүсэл сонирхолд нийцүүлэх гэж өөр өөр шийдлийг хайх шаардлагагүй. Бүх хүмүүсийн нийтлэг шинж чанарыг агуулсан чанартай хэрэглэлүүдийг агуулан гэрийн ерөнхий загвар дизайныг гол хэдхэн элементээр холбож өгөх нь ухаалаг шийдэл юм.
 
Эцсийн дүндээ гэрийн орчин нь гэрийн эзэдгүйгээр зүгээр л хоосон орон зай бөгөөд өөрийн гэсэн онцлог бүхий хүмүүсээр дүүрээд ирэх үед тодорхой зорилго, чиглэлийн дагуу амьд орчин болон хувирдаг.
 


ЧИМЭЭ
 
Чимээ нь мөн бидний мэдрэмжид сөрөг нөлөө үзүүлэх чухал хүчин зүйл юм. Компьютер, хөргөгч, чийдэнгийн дүнгэнэх чимээ, авто замын чимээ тухайн хүн ямар ч өрөөнд байсан ялгаагүй хүний бухимдлыг нэмэгдүүлдэг байна.
 
ӨНГӨ
 
Өнгөний нөлөөллийн талаар маш их судалгаа хийгдсэн байдаг. Хамгийн энгийн төвшинд, улаан өнгө бол эрч хүчтэй, анхаарал татдаг бөгөөд хүсэл тэмүүлэл, хайр дурлалтай холбоотой байдаг. Цэнхэр бол хүнийг тайвшруулж, хүнд итгэл найдвар төрүүлдэг, тиймээс бизнест ихээхэн хэрэглэгддэг. Ногоон бол байгалийн өнгө бөгөөд нүдийг ядраадаг шар өнгөтэй харьцуулбал нүдэнд амар бөгөөд анхаарал төвлөрөхөд тустай байдаг. Цайвар зэвхий өнгөнүүд өрөөний орон зайн мэдрэмжийг нэмэгдүүлж, зайг илүү мэдрүүлдэг.
 
ҮНЭР
 
Тааламжтай үнэр нь тухайн өрөөний гоо үзэмжийг нэмэгдүүлж чаддаг бол эсрэгээрээ муухай тааламжгүй үнэр ямар ч төгс орон зайг гутаадаг байна. Үл хөдлөх хөрөнгийн агентуудын хамгийн сайн мэддэг аргуудын нэг юм. Шинэхэн кофены үнэр, дөнгөж барьсан талхны үнэр гэрийг илүү урин дуудсан, сэтгэл татсан болгодог бол хурц хүнд хоолны үнэр нь эсрэг үйлчилгээтэй байдаг. Анхилуун үнэртэй ваартай цэцэг, лааны тусламжтайгаар та өрөөндөө тааламжтай сэтгэгдлийг төрүүлж чадна.
 
ҮЗЭГДЭХ ОРЧИН
 
 
Цонхоор үзэгдэх орчин нь хүний сэтгэл зүй болоод чөлөөт цагаа таатай өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлдэг. Гадна орчноор харагддаг зүйлс нь аливаад төвлөрөхөд саад болдог гэж үздэг ч, байгаль, мод, цэлгэр тал руу харсан цонх бүхий үзэгдэх орчин нь харин ч эсрэгээр төвлөрөлт, бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг байна.
 
Дээрхийг Амьдрах орчны сэтгэл зүйчид баталсан бөгөөд гэр, оффисынхоо харагдах орчинд ногоон байгууламжийг бий болгохыг чухалчлан зөвлөдөг байна. Барилга байгууламж зонхилсон хотын төвд амьдардаг хүмүүс цонх, цонхны тавцан дээрээ ногоон ургамлуудыг байршуулах эсвэл тагтан дээрээ бяцхан ногоон байгууламж бий болгох зэргээр их хотын стрессээ тайлах бяцхан орчныг бий болгох боломжтой.
 
Эх сурвалж: Монкон 
 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: