Эрдэнэт хивсээс өгч буй хивс цэвэрлэгээний 12 зөвлөгөө

1-р сар. 13, 2020, 8:32 p.m.

Сар шинийн баярын өмнөх их цэвэрлэгээ айсуй. Хивс, дрожоос эхлэх их цэвэрлэгээнд тус болох үүднээс Эрдэнэт хивсээс өгч буй 12 зөвлөгөөг уншигч танд хүргэж байна. 

1. Тоос сорогч 

Хивсийг тоос сорогчоор тогтмол цэвэрлэх хэрэгтэй. Ялангуяа шинэ хивс худалдаж авсан эхний хоёр сар сайтар цэвэрлэх хэрэгтэй. Шинэ хивсний гадаргуу дахь сул богино ширхэгүүд болон үхмэл үс эхний үед ихээр унадаг бөгөөд энэ нь таны санаа зовох зүйл биш юм. Учир нь бүх төрлийн хивсэнд адил тохиолддог бөгөөд хэсэг хугацааны дараа арилна.

2. Үстэй сойз ашиглах

Тоос соруулахдаа тоос сорогчийн үстэй сойз хэсгийг ашиглана. Хэрвээ тоосыг тогтмол соруулахгүй бол тоос шороо хивсний гүнд шигдэн орно. Нэг удаагийн цэвэрлэгээнд хөнгөн бохирдолтой хэсгийг 3, бохирдолт ихтэй хэсгийг 5-7 удаа соруулж цэвэрлэх хэрэгтэй.

3. Элс, шороог сайтар цэвэрлэх

Хивсэн дээрх элс шороог сайтар цэвэрлэхгүй бол хивсний гүн рүү шигдэн ордог. Энэ нь хүний хөлийн гишгэлтээр ширхэгт материалуудыг таслан гэмтээж эхэлдэг. Энэ нь хивсний эдэлгээний насыг богиносгож, өнгө үзэмжийг бууруулдаг.

4. Хэцэн дээр гөвөх

Хивсийг хэцэн дээр тохож тоос шороог гөвөхдөө чанга цохиж болохгүй. Үслэг гадаргууг доош нь харуулж өлгөөд үзүүрээс нь сэгсэрч гөвөөд хэсэг хугацаанд задгай агаарт байлгана.

5. Шингэн зүйлийг халбагаар цэвэрлэнэ

Хивсэн дээр асгарсан шингэн зүйл болон хоолны үлдэцийг цэвэрлэхдээ мохоо хутга болон халбага ашиглан хусаж авна. Дараа нь чийгтэй алчуураар сайтар арчаад хатаана.

6. Шалнаас өргөж агаар оруулах 

Чийгтэй цэвэрлэгээ хийсний дараа хурдан хатаахын тулд хивсийг шалнаас өргөж агаар оруулах хэрэгтэй.

7. Нойтон аргаар угааж болохгүй 

Хивсийг хэзээ ч нойтон аргаар угааж болохгүй. Харин хивс цэвэрлэх зориулалтын шингэн савангаар цэвэрлээд дараа нь хуурай алчуураар сайтар арчаад хатаана. Хатсаны дараа үслэг гадаргууг нэг чиглэлд самнана. Мөн чийгтэй хэсэг дээр хуурай салфетка тавьж хаттал нь байлгаж болно.

8. Хивс цэвэрлэгчийг сайтар арилгах

Цэвэрлэх бодисуудыг тохирох тунгаар хэрэглэж, үлдэгдлийг хивсний гадаргуугаас сайтар цэвэрлэж байх хэрэгтэй.

9. Цайруулагч ашиглахыг хориглоно 

Хивсийг ямар ч тохиолдолд бусад төрлийн химийн бодисууд болон цайруулагчаар цэвэрлэж болохгүй. Цайруулагч бодисууд нь хивсний будгийг гэмтээх аюултай. Угаалгын нунтагаар цэвэрлэсэн үед үлдэгдлийг гадаргуугаас бүрэн салгахад хэцүү бөгөөд гадаргуу дээр үлдсэн үлдэгдэл нь бохирыг ихээр өөртөө татдаг.

10. Автомат угаалгын нунтагаар угаахыг хориглоно 

Автомат угаалгын машинуудад зориулсан угаагч бодисуудаар хивсийг цэвэрлэж болохгүй. Ихэнх автомат угаалгын нунтагууд нь цайруулагч бодис агуулсан байдаг.

11. Цайвар хивсийг цэвэрлэх 

Цайвар хивсний шаралсан өнгийг цууны хүчлийн устай тэнцүү уусмалаар арчиж өнгийг сэргээнэ. Ихэнх хивс цэвэрлэгээний бодисууд нь шүлтлэг байдаг бөгөөд тэдгээрийн байнгын хэрэглээ нь хивсний өнгийг үхүүлдэг. Харин цууны хүчлийн уусмал нь хивсний өнгийг сэргээж зөөлрүүлэн, хивсний эдэлгээний насыг уртасгадаг.

12. Мэргэжлийн цэвэрлэгээний газруудад хандах

Хивсэн дээр бөх тогтсон толбонуудыг мэргэжлийн цэвэрлэгээний газруудаар жилдээ 1-2 удаа цэвэрлүүлэх шаардлагатай.

Эх сурвалж: Эрдэнэт хивс 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: