Минималист байна гэдэг жижиг зүйлээс ч аз жаргалыг мэдрэхийг хэлдэг

10-р сар. 21, 2019, 2:50 p.m.

Нэг дор бүх зүйлээ хаяад минималист болчихлоо гэж ойлгож, туйлширч хэрэггүй гэж Л.Саруултөгс хэлэв. "Өөрийгөө 100 хувь минималист гэж тодорхойлохгүй ч цомхон амьдрахын гайхамшгийг мэдэрч явна" гэж нэмж хэлэв. Сэтгэлийн амар амгаланг мэдэрч, амьдралын хамгийн чухал зүйлдээ анхаарлаа хандуулж сурж байгаа нь минимализмын ач тус гэнэ. Энэ эмэгтэйг уншигч та бүхэн Мари Кондогийн Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид номын орчуулагч гэдгээр таних болов уу. 

Л.Саруултөгс минимализмын тухай юу бодож явдгаа энэ сарын 23-нд болох товтой Минимализм арга хэмжээний үеэр илүү дэлгэрэнгүй ярина. Энэхүү арга хэмжээнд минимализмыг шинэ түвшинд авчирсан гэгдэж буй Японы минималист Фүмио Сасаки болон гурван монгол минималист оролцож байгаа юм. Л.Саруултөгсөөс гадна комедиан Б.Идэр-Од, стилист Оюу нар эл арга хэмжээнд зочноор уригджээ. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ: Хөтөч | Минимализм арга хэмжээнд та яагаад оролцох ёстой вэ?

Тэгвэл Минимализм арга хэмжээний зохион байгуулагчаар Г.Анударь ажиллаж байна. Арга хэмжээний тухай болон минимализмын талаар Л.Саруултөгс, Г.Анударь нараас цөөн асуултад хариу авлаа. 


- Минимализм гэж яг юу вэ? 

Л.Саруултөгс: Орчин үед бид маш их эд материал, мэдээллийн сонголт дунд амьдарч байна. Эндээс өөрт хэрэгцээтэй зүйлийг сонгох шаардлага тулгардаг. 

Миний хувьд минимализм гэх сэдвийг Мари Кондогийн Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид номыг орчуулсны дараа сонирхох болсон. Цөөн эд зүйлтэй байж, цомхон амьдрахын ашиг тусыг өөрийн биеэр мэдэрсэн.

Энгийн цомхон байж, олон зүйлд сатаарахгүй байх нь тухайн хүнд чухал зүйлдээ улам анхаарлаа хандуулах боломж олгодог. Бага багаар эд зүйлээ цөөлж, минималист амьдралын хэв маягт шилжиж байна. Суралцаад явж байгаа гэсэн үг. 

- Минималист хэв маягтай амьдрахын тулд хамгийн эхлээд ямар эд зүйлийг хаясан бэ?

Г.Анударь: Би гоёл, чимэглэлийн зүйл их цуглуулдаг байлаа. Минималист амьдралын хэв маягийг сонирхох болсноос хойш гоёл чимэглэлийн зүйл худалдан авахаа больсон. Анзаараад байхад гоёл чимэглэлийн зүйлээ бүгдийг нь хэргэлдэггүй юм билээ. Тэгэхээр тийм ч их хэрэгээтэй зүйл биш гэсэн үг. 

Л.Саруултөгс: Хувцаснаас эхэлсэн дээ. Эмэгтэйчүүд хувцас их цуглуулдаг. Эргээд харахад ижил зүйл маш их байдаг. 

- Амьдралаа тэр чигт нь нэг үүргэвчинд багтаах гэдгийг та юу гэж боддог вэ?

Л.Саруултөгс: Минимал амьдралын хэв маягтай болж байна гээд гэнэт бүх зүйлээ гаргаад хаячихаж болохгүй. Өөртэйгээ эхлээд тулж ажиллах хэрэгтэй. Жишээ нь, уран зураг цуглуулж, таашаал авч, хөглөгдөж амьдардаг хүн байж болно шүү дээ. Ийм хүнийг цуглуулгаа багасгаад арав болгочих гэж хэлбэл бүдүүлэг хэрэг болно. Тэгэхээр минимализмыг хэт туйлширч бодох хэрэггүй мэт санагдсан. Дан хар, цагаан хувцас өмсөж минимал болохгүй. Гэхдээ юухан, хээхнээр амьдардаг гэж ойлгох хэрэггүй. Минимал байна гээд шуудай ч углаад явж болно гэж бодоод байх шиг байдаг. Яг үнэндээ үнэ цэнэтэй, цөөхөн зүйлтэй буюу өөрийн хэрэгцээгээ мэдэрсэн хүмүүсийг хэлдэг байх гэж боддог. 

- Минимализм арга хэмжээнд ирэх япон зочныхоо тухай танилцуулаач? 

Г.Анударь: “Good bye, things” буюу Эд зүйл минь баяртай номын зохиогч Фүмио Сасаки манай арга хэмжээнд оролцоно. Үнэндээ энэ номыг би нэг сарын өмнө уншсан юм. Ингээд энэ хүнийг Монголд урихаар шийдэж, мэйл бичсэн. Гэтэл маргааш өглөө нь зөвшөөрсөн хариу шууд ирсэн. Ингээд л онгоцны билет захиалаад эвент хийх эхлэл тавигдсан даа. Энэ сарын 1-нээс арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагаа эхэлсэн. Монголд минимализмыг сурталчилдаг, олны танил хүмүүстэй холбогдоод гурван зочныг урьсан. 

- Япон зочин юу ярих вэ?

Г.Анударь: Монголд аз жаргалтай амьдрах боломж байна уу гэх сэдвээр яриад өгөөч гэж анх би хүссэн юм. Үүнд Фүмио Сасаки “Би Монголд амьдарч үзээгүй болохоор мэдэхгүй байна” гэж хариулсан. Ер нь минимализмыг аз жаргалтай холбож ярина. 

Дашрамд хэлэхэд, арга хэмжээний сурталчилгааг фэйсбүүкээр түлхүү хийж байгаа. Мөн тасалбар хэвлэхгүй гэдгээ онцолмоор байна. Утсаар болон ticket.mn сайтаар захиалах боломжтой.

- Л.Саруултөгс энэ эвентийн үеэр ямар сэдвээр ярих вэ?

Л.Саруултөгс: Миний хувьд өмнө нь албан байгууллагын эмх цэгцийн талаар ярьж байсан туршлагатай. Энэ арга хэмжээнд зориулж илүү минимал сэдвээр ярихаар бэлтгэж байна.

Фумио Сасакигийн ном бол дэлхийн "best seller" шүү дээ. Цэвэр минималист гэж хэлж болохоор ном. Бүх юмыг маш энгийнээр дүрсэлсэн байдаг. Минималист агуулгын талаар ярих бол энэ номыг уншиж болно. Дэлхий дахинд минималистыг өөр түвшинд дуугарч, ярьсан хүн гэж үздэг юм билээ.

- Энэ талаар тодруулаач? 

Л.Саруултөгс: Улам минимал тайлбартай болгосон гэсэн үг. Ойлгоход хэцүү зүйл биш гэдгийг илэрхийлсэн. Нэг үүргэвчинд бүх зүйлээ багтаасан хүн шүү дээ. Тиймээс өөрийн амьдралаар тайлбарласан байдаг. Минимализмын тухай энэ хүнтэй л ярилцах хэрэгтэй.

Цэвэр минималист амьдралын үр шимээ хүртээд, дэлхийн хүн болж хувирсан. Монголд ирж, монголчуудад яриа хийнэ гэдэг их том боломж. Японоор Сасаки Фүмио сан гэж дууддаг. Японд энэ хүнийг таних уу гэж асуувал бүгд мэдэх байх. Гэхдээ яриаг нь сонсох боломж тэр бүр хүмүүст олдохгүй. 

- Маш аз жаргалтай хүн ирж байна гэж ойлгож болох уу?

Л.Саруултөгс: Ер нь минималист болно гэдэг аз жаргалаа олж харж чаддаг болохыг л хэлдэг. Өдөр тутмын жижиг зүйлээс аз жаргал мэдэрч сурна. Хэчнээн хөрөнгө чинээтэй байгаад жижиг зүйлээс аз жаргалыг мэдэрч чадахгүй байгаа олон хүн бий. Эсвэл нөгөө талаас байр, машинтай болъё гэж зүтгэж буй хүмүүст ч одоо байгаа ертөнцдөө сэтгэл ханах ухааныг өгнө. 

Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Г.Анударьтай 90907776 дугаарын утсаар холбогдоорой. Арга хэмжээний мэдээллийн ивээн тэтгэгчээр Oly.mn хамтран ажиллаж байна. 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: