Industry Leader | Б.Хүрэлхүү: Хүн хүчгүй цүнхний компаниуд олширвол барилгын салбарт хариуцлага ярихад бэрх болно

11-р сар. 28, 2019, 2:44 p.m.

Б.Хүрэлхүү бол "Номин Констракшн Девелопмент Групп"-ийн гүйцэтгэх захирал. Мөн Монголын Барилгын Үндэсний Ассосиацийн дэд ерөнхийлөгчийн албыг давхар хашдаг. Монголын ТОП барилгын төсөл хөгжүүлэгч компанийн гүйцэтгэх удирдлагыг базаж буй учраас түүний алсын хараа, итгэл үнэмшил барилгын салбарт өөрийн өнгө төрхөөр жинтэй нөлөөлөх нь гарцаагүй юм. Түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна. 

ХОГ ХАЯГДАЛГҮЙ ХЭРХЭН БАРИЛГА БАРИХ ВЭ ГЭДЭГ НЬ НОГООН ТЕХНОЛОГИЙН ХАМГИЙН ЭХНИЙ АСУУЛТ

Номин Констракшн Девелопмент Группийн(NCD) бүтээн байгуулсан Ривер Гарден, Time Square хотхоноор ногоон байгууламжийн талаарх монголчуудын ойлголт цэгцэрсэн. Гэхдээ өдгөө ногоон технологийн талаар түлхүү ярих цаг болжээ гэж та бүхэн ярьж байна. Ногоон байгууламж нь ногоон технологиос ямар ялгаатай тухай илүү тодорхой тайлбарлаж өгөөч? 

- Ногоон барилгын тухай яриа ногоон байгууламжтай холилдож байх шиг байна. Эсвэл ногоон барилга биднээс их хол юм шиг хүлээж авдаг. Гэтэл дулааны алдагдалгүй байх нь ногоон барилгын талаарх хамгийн эхний ойлголт юм. Цаашлаад эрчим хүчний хэмнэлттэй байх хэрэгтэй. Энэ ойлголт цаашлаад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээтэй уялддаг.  

Ер нь барилга барих үйл явц олон үе шаттай. Нөөц эргээд хог хаягдал болдог. Ногоон барилгын тухай яриа нь нөөцийг хэрхэн үр ашигтай болгох вэ гэдэг талаарх  асуудал юм. Мөн хог хаягдалгүй хэрхэн барилга барих вэ гэдэг асуултад ч хариу хайдаг.

Ер нь ногоон барилга гэдэг нь олон дахин ашиглаж болохуйц, тухайн үедээ өндөр өртөгтэй боловч урт хугацаанд маш бага зардалтай технологийг нэвтрүүлэх явдал юм. 

- Технологийн дэвшил үр ашигтай байхыг ногоон барилга гэж ойлгож болох уу? 

- Тийм. Дэлхий дахинд барилгын салбарт ажиллах хүч дутагдалтай байна. Үүнийг технологийн хүчээр нөхөх ёстой. Технологи хөгжихийн хэрээр хүний оролцоо бага болно. Үүнийг авч явах мэргэжлийн боловсон хүчин, чадвартай хүн хэрэгтэй байгаа гэсэн үг. Монголд төдийгүй дэлхий дахинд ялгаагүй л хүн хүчний дутагдалтай нүүр тулж байна.   

Монголын хувьд том компаниуд сайн технологи нэвтрүүлж барилга барьж байна. Гэтэл барилга барьсны дараа удаан хугацаанд ашиглалт хариуцах мэргэжлийн сайн баг хараахан бэлтгэгдээгүй байгаа нь анзаарагдаж байгаа. Ашиглалтын менежмент хэрэгжүүлэх, технологи аваад явах мэдлэг, мэргэжилтэй хүний хүрэлцээ дутмаг байна. Тэгэхээр барилгын салбар ашиглалтын салбарт анхаарлаа хандуулах цаг болжээ.

Гаднын технологийг Монголдоо нутагшуулж болно. Хамгийн чухал нь технологи цаашдаа 10-30 жил ашиглагдахыг тооцох хэрэгтэй. Тэгэхээр бэлтгэгдсэн хүний нөөц маш чухал болсон гэсэн үг. 

Дотоодын зах зээлд барилга угсралтын ажлын үеэр хүн хүч дутагддаг. Гэтэл нөгөө талд ажилгүйдэл ихтэй гэж байнга ярьдаг шүү дээ.  Тэгэхээр энэ олон хүнийг барилгын салбарт бэлтгэж оруулах хэрэгцээ байгаа юм. Бэлэн ажлын байр энэ салбарт бий. Барилгын ашиглалтын салбар гэж том зах зээл бий. 

- Ашиглалтын салбарт зах зээлийн том орон зай байгаа гэж ойлголоо. Тэгвэл таны удирдаж буй Номин Констракшн Девелопмент Группийн хувьд хэрэгжүүлсэн төслүүдийнхээ ашиглалтыг хэрхэн авч явж байна вэ? 

- Бидний хувьд хэд хэдэн компанитай хамтран ажилладаг. Тэд ашиглалтын салбарт урт хугацааны зах зээл байгаа гэдгийг ойлгож байна. Тиймээс ч хүмүүс бэлтгэж байна. Нөгөө талаас, энэ салбарт бизнес, ажлын байр байгаа гэдгийг олон нийтэд танилцуулж, дуу хоолойгоо хүргэх цаг нь хэдийн болжээ. Дунджаар нэг барилгын ашиглалтыг 30-40 жил хариуцан ажиллах ёстой шүү дээ. 

- Ногоон технологийн тухай яриа руу эргэж оръё. Ногоон гэж яг хэнийг хэлэх вэ? 

- Ногоон барилгын зөвлөл байгуулагдаад энэ чиглэлээр ажил хийж байна. Миний бодлоор ногоон гэж хэнийг хэлэх вэ гэдэг шалгуур үзүүлэлт эхний ээлжид тогтоох хэрэгтэй болов уу. Манай оронд ногоон барилга нэлээн сүүлд нэвтэрч байгаа гэж хэлж болно. Тэгэхээр энэ ойлголтыг бид Монголын түвшинд хялбаршуулсан байдлаар буулгах хэрэгтэй.

Эхний ээлжид нийт зах зээлийн хэдэн хувийг ногоон барилга хангах юм гэдэг зүйл яригдах байх. Цаашдаа барилгын зэрэглэлээс хамаараад өөр байх болов уу. Бусад оронд байгаа зүйлийг шууд хуулах биш, манайд тохирсон байдлаар ногоон гэж юу юм гэдгийг тодорхойлох ёстой.

Ногоон барилга гэж юу яриад байгааг ойлговол хөгжлийнхөө шатаар дээшилнэ. Ер нь ногоон технологи бүхий барилга худалдан авах нь яагаад зөв хөрөнгө оруулалт болж байгаа гэдгийг хүмүүс ойлгож эхлэх үед хөгжлийн гольдиролдоо орох байх. Би хувийн бодлоо дэлгэхэд төрийн байгууллага гэхээсээ илүү төрийн бус байгууллага үүнийг тодорхойлбол урт хугацаандаа хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ямар нэг лообий бага, нээлттэй байх хэрэгтэй. 

-Таны удирдаж буй NCD Group ногоон технологийг үйл ажиллагаандаа хэр нэвтрүүлсэн гэж үзэж байгаа вэ. Өртөг өндөр учраас ногоон технологийг барилгадаа шингээхэд төрөөс дэмжлэг авах хэрэгтэй юү? 

Ногоон технологи, ногоон барилга барихад санхүүжилтийн боломж хязгаарлагдмал болдог. MMCG компанийн хийсэн судалгаанаас харахад, нийт барилгын бизнес эрхлэгчдийн 80 хувь нь ногоон барилга барих ёстойг дэмжиж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байдаг. Гэхдээ тэдний тал нь ногоон технологи нэвтрүүлэхэд санхүүжилтийн өртөг өндөр байна гэж ярьсан байдаг. 

Манай компанийн хувьд зорилтот худалдан авагчаасаа хамаараад өөр төслүүд хэрэгжүүлдэг. Гэхдээ зарим төсөл ногоон барилгын шаардлага хангахуйц түвшинд очсон байгаа. 

- Тухайлбал?

River Garden хотхоны хоёрдугаар ээлжийг нэрлэж болно. Мөн Casa Da Vinci хотхон нь өөрөө дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэйгээс гадна сэргээгдэх эрчим хүчийг ашиглана. Ер нь манай компани хэрэгжүүлж буй бүх төсөлдөө хамгийн бага дулааны алдагдалтай, эрчим хүч хэмнэдэг, ус хэмнэх боломжтой технологиудыг ашиглаж байна.  

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ ХАРЬЦАНГУЙ ЗӨӨЛӨРСӨН

- Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн дэд ерөнхийлөгчийн албыг та хашдаг. Таны гишүүнчлэлтэй эл ассоциаци Барилга хот байгуулалтын яамтай хамтарч барилгын компаниудад зөвшөөрөл өгч байгаа шүү дээ. Ажлын явц ямар байгаа вэ?  

- Өнөөдөр Монголд таван мянга орчим аж ахуй нэгж барилгын салбарт ажиллаж байна. Гэтэл цүнхний буюу цаасан дээр байгуулчихсан, тусгай зөвшөөрөлтэй компаниуд энэ дотор бий. Жишээ нь, Боловсролын яамны 23 төслийг нэг компани авчхаад ажиллаж чадахгүй байгаа тухай ярьж байна билээ. Тухайн компани дээр дурдсан ажлыг хийж гүйцэтгэх хүн хүчгүй гэсэн үг. Тендерээр ажил авсан байгаа нь тусгай зөвшөөрлийг замбараагүй олгосноос болсон гэсэн үг. Ард нь хүнгүй компаниуд тусгай зөвшөөрөлтэй байгаа юм. Ийм компани олшрохоор хариуцлагын тухай ярих ч бэрх болно шүү дээ. 

Нөгөө талд барилга барьж буй компани тендерээ авч чадахгүй байна. Эндээс төр өөрөө бүгдийг нь зохицуулж чадахгүй гэдэг нь ойлгомжтой анзаарагддаг. Тиймээс бусад орны жишгээр төр зарим чиг үүргээ төрийн бус байгууллагад шилжүүлсэн энэ юм.

Төрийн бус байгууллага харин салбарын хүмүүсээ мэдэж байгаагийн хувьд компаниудыг хяналтад байлгах боломжтой. Шударга байх бололцоог бүрдүүлж байна. Монголын Барилгын Үндэсний Ассоциациас зөвшөөрөл өгөхдөө ажлыг нь шалгадаг. Санхүү, тоног төхөөрөмж болон хүн хүчний нөөцтэй байгууллага нь зөвшөөрлөө авч байна. 

Ажлын явцын хувьд хэт хатуу хязгаарлалт тавихгүй байгаа. Давхардалгүй ажиллах бололцоог хангаж байгаа. Харьцангуй цэгцэрч байна гэж хэлж болно. 

- Орон нутгийн барилгын компаниуд дээр дурдсан тусгай зөвшөөрлийн асуудалд нэлээн шүүмжлэлтэй хандаж байгаа. Хатуу шаардлагатай гэж хэлж байгаа шүү дээ? 

- Магадгүй. Тиймээс шалгуур үзүүлэлтийг зөөллөсөн байгаа. 

- Орон нутагт хэрэгжиж буй тендерийг хотын компаниуд авч байгаа. Учир нь орон нутгийн компаниуд шалгуурт нийцэхгүй байна гэх гомдол яригддаг шүү дээ? 

- Орон нутгийн компаниуд тусгай зөвшөөрөл авч чаддаггүй гэсэн үг биш. Тухайн компаниудын хүчин чадлын асуудал яригдаж байгаа байх.  Тендер тусгай зөвшөөрөлтэй хамааралгүй юм шүү. 

ҮЛ ХӨДЛӨХИЙН САЛБАР ДИЖИТАЛ ХЭЛБЭРТ ШИЛЖСЭН

- Та ажлын гараагаа маркетинг, борлуулалтаас эхэлсэн хүн юм билээ. Сүүлийн үед үл хөдлөх хөрөнгийн салбарын маркетинг, борлуулалтад ямар өөрчлөлт гарч байна вэ?  

- Дижитал маркетинг руу шилжиж байна гэж хэлж болно. Хүмүүс олон нийтийн сүлжээнд идэвхтэй болохын хэрээр утас болгон дэлгэц болж хувирсан. Одоогоос хэдэн жилийн өмнө дээр дурдсан чиг хандлагын тухай хүмүүст ярихад нэг их хүлээж авдаггүй байлаа. Компаниуд ч ойлгодоггүй. Одооо бол хүн бүр мэддэг болжээ. Технологи хувьсгал авчирч байна. Үүнийг дагаад үл хөдлөхийн салбар бүхэлдээ дижитал хэлбэр рүү шилжсэн.

Харин барилгын салбарын хувьд арай өөр шүү. Энэ салбар түлхүү үйлдвэрлэлийнх. Дижитал тал руу арай удаан шилжиж байгаа гэж хэлж болно.

- Худалдан авагчид яаж өөрчлөгдөж байна вэ? 

- Худалдан авагч талаас мэдлэгийн түвшинд хамаагүй өөр болсон. Мэдээлэл авах хурд секундийн зөрүүгүй болсонтой холбоотой байх. Бидний үйл ажиллагаа арван жилийн өмнөхтэй харьцуулахад ондоо болсон. Гаднын оронд тренд болж байгаа зүйлийг манайхан 2-3 жилийн хоцрогдолтой хүлээн авдаг байлаа. Харин одоо гаднын орны тенденцийг энд шууд хүлээн авч байна. Энэ бол олон нийтийн сүлжээний ач. Интернетийн ач. 

- Төсөл бүрээр менежмент хийх хэрэгтэй гэж та ярьж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?

- Том, жижгээс үл хамааран төслүүдийг ангилах хэрэгтэй. Эхнээсээ дуусах хүртэл тодорхой хугацаанд, тодорхой зардалтай шүү дээ. Тодорхой чанартай байх ёстой.

Ерөнхийдөө компаниудыг харахад барилгын сайн инженерээ төслийн удирдагчаар томилж байна. Гэтэл инженер хүн барилгаа хэрхэн сайн барих вэ гэдэг талаар л боддог. Ингэхээр менежментийн хувьд орхигддог тал бий. Тэгэхээр төслийн менежер л үүнийг хийх ёстой. Төслийн менежмент бол тусдаа ойлголт шүү дээ. 

- Жижиг компаниудад өгөх таны зөвлөгөөг энэ гэж хэлж болох уу? 

- Төслийн менежментийг суурь нь энэ юм гэж хэлэх гэсэн юм. Компаниудын өөрсдийн сонголт. Жижиг компанид заавал төслийн баг байх шаардлагагүй болов уу. Угсралтын компаниудад төслийн менежмент тийм ч чухал биш. Үйл ажиллагааны дагуу ажлаа зохион байгуулах хэрэгтэй. Хөгжүүлэгч компаниудад хамааралтай асуудал. 

Ер нь барилгын компаниудыг хөгжүүлэгч, гүйцэтгэгч, ашиглалт хариуцаж байгаа компани гэж гурав хувааж байгаа шүү. 

- Монголын зах зээлд компаниуд задарч байна уу? 

- Одоо салж эхэлж байна. Зарим компани хөгжүүлэгч хийж чадахгүй байгаа учраас гүйцэтгэлээ хийе гээд замаа хөөж байна. Зарим гүйцэтгэлийнхэн чадваржаад дээшээ ажиллаж байна. 

- Барилгын санхүүжилтийн тухай та ямар бодолтой явдаг вэ?  

Монголд голчлон зээлийн санхүүжилт хийгдэж байна. Хөрөнгө оруулалт ч босгож байна. Ер нь манайд хувийн сангуудтай бий болоосой гэж боддог.  

Зээлийн тухай гэвэл нийт зах зээл дахь хүүгийн түвшинг ярих байх. Урт хугацаанд барилгын төслийг санхүүжүүлэх боломж дотоодын зах зээлд хараахан алга. Гэтэл үл хөдлөх хөрөнгө урт хугацааны санхүүжилт шаарддаг. Хугацаа л их асуудал болдог. Том банкууд 3-4 жилийн хугацаатай санхүүжилт хийдэг. 

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: