Industry Leader | Б.Халиунаа: Таван сая ам.долларын үнэтэй газар санал болгосон

11-р сар. 28, 2019, 2:45 p.m.

Property Investment Ulaanbaatar 2019 уулзалтын сонирхолтой зочдын нэг нь “Жигүүр Гранд Групп"-ийн Ерөнхий захирал Б.Халиунаа байлаа. Барилгын өртөг болон үнийн харилцан хамаарал ханшийн зөрүүгээс болж зөрчилдөж эхэлснийг дээрх уулзалтын индэр дээрээс ил тод хэлсэн тэрбээр Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, цаашдын чиг хандлага хэлэлцүүлэгт панелистаар оролцсон юм. 

Б.Халиунаас цөөн асуултад хариулт авлаа. 

- Өртөг, үнэ хоёрын зөрүү улам ойртож, барилгын компаниудын маржин нэлээн буурч байгаа талаар та Property Investment Ulaanbaatar 2019 уулзалтын индэрээс хэллээ. Таны удирдаж буй “Жигүүр Гранд Групп”-ийн хувьд энэ байдал хэрхэн нөлөөлж байна вэ? 

- Барилгын компаниуд ижил зовлонтой байгаа байх. Үнэ, өртөг хоёрын зөрүү ойртож байгаад валютын ханш их хэмжээгээр нөлөөлж байна. Жишээ нь, манай компанийн босгосон “Гэгээнтэн” цогцолборыг барьж байх үед ам.долларын ханш 1300 орчим төгрөгтэй тэнцэж байв. Өдгөө энэ тоо 2600 төгрөг болон хоёр дахин өсжээ. Тэгтэл барилгын бараа материалын 50-70 хувийг гаднаас импортолдог. Манай компанийн хувьд Европ, ОХУ болон БНХАУ-аас бараа материал татдаг. Энэ үед ханшийн зөрүүгээс шалтгаалан нэлээн алдагдал хүлээж байна. 

Нөгөө талд хэрэглэгчийн хүсэж буй үнэ, өртөг хоёрын хооронд зөрүүтэй байдал үүсэж байна.

Өртөгтэй холбоотой өөр анхаарал татаж буй том асуудал манай салбарт бий. Энэ бол боловсон хүчин. 

- Цөөрч байна гэж үү?

- Барилгын салбар сэргэх хэрээр боловсон хүчний хомсдол бий болж байгаа. Манайхан гадагшаа гарч ажиллах сонирхолтой болсон нь үүнд их нөлөөлж байна.  Гэтэл барилгыг хүн л гараарааа барьж, босгодог. Хүний хомсдолд орсон цагт ажилтнууд цалингаа голох, нэлээн өндөр үнэлгээтэй болох зэрэг асуудал гарч байгаа нь барилгын өртөгийг өсгөх болсон. Цалингийн хөөрөгдөл бий болсон. 

Мөн дотоодын барилгын материалын үнэ ч өсөж байна. Учир нь түлшний үнэ өссөн шүү дээ. Цемент гэхэд есөн мянган төгрөгөөр өсжээ. Хүйтэн улиралтай орны хувьд Монголд бүрэн цутгамал байшин босгох хэрэгтэй болдог. Налайхын зам засварт орохтой холбогдуулж тоосгоны үнэ ч өсөх хүлээлттэй байгаа. 

Энэ мэтээр их хэмжээгээр хэрэглэгддэг материал бүрийн үнэ өсөж байна. Гэтэл үүний эсрэг талд үнэд өөрчлөлт ороогүй. Харин ч худалдан авагчдын зүгээс хөнгөлөлт, урамшуулал, хувь лизинг хүсэх хандлагатай болсон. Өртөг үнэ хоёр зөрчилдөж байна. 

- Энэ бүх эрсдэлийг хэрхэн даван туулж байна вэ? 

- Манай компанийн хувьд олон жилийн туршлагаар л даван гарч байна. Ер нь худалдан авагчдад чанар чухал шүү гэдгийг зориуд хэлмээр байна. 

- “Жигүүр гранд” компанийн хувьд чанартай барилгатай гэдгээрээ хэдийнэ танил болсон байх? 

- Манайх зөвхөн ОХУ-ын арматурыг хэрэглэдэг. Хаанаас ирсэн нь мэдэгдэхгүй, сертификатгүй арматур хэрэглэх нь эрсдэлтэй. Барилга нурж магадгүй шүү дээ. Тэгэхээр чанар дагаж үнэ тогтдогийг ойлгоосой гэж хүсэж байна. Дашрамд хэлэхэд, газартай хүн бүр байшин барьдагт жаахан бухимдалтай ханддаг шүү.  

- Яагаад тэр вэ? 

- Ганц блок байшин чанаргүй материалаар барьчихаад, маш хямд зардаг. Энэ нь чанартай барилга барих тэмүүлэлтэй бусад компанид муугаар нөлөөлдөг. 

- Та PIU 2019-ын индэрээс зарим газрын үнэ байшин босгох өртөгөөс ч өндөр байна гэж хэлсэн шүү дээ. Нууц биш бол энэ талаар тодруулаач? 

- Надад таван сая ам.долларын үнэтэй газар санал болгосон шүү. Энэ газарт юу бариад, ямар үнээр зарах вэ гээд тооцоолол хийхэд үнэхээр хэцүү юм билээ. Хөрөнгө оруулагч талаас харвал ийм үнэтэй газарт яаж ашиг олох вэ гэдэг сонин.

- “Хонконгийн газрын үнээр Монголд газар зарж байна” гэж панелистууд ярьсантай дүйж байна гэсэн үг үү? 

- Бараг л дөхүү байх шүү. 

- Энэ үнэтэй газар хаана байрладаг вэ?

- Үүнийг нууц хэвээр үлдээе.  

- Яг одоо “Жигүүр Гранд Групп" ямар ажилд төвлөрөн ажиллаж байна вэ? 

- Бид 560 айлын Park View орон сууцны төслөө үргэлжлүүлж байна. Өмнөө цогц үйлчилгээний төвтэй. Бизнес эрхлэгчдийн хувьд манай үйлчилгээний төв таатай байршилтай. Кино театр, банк, үйлчилгээ, бассейн гэх мэтээр бүх үйлчилгээг нэг дороос цогцоор нь авах боломжтой гэдгээрээ ялгарч байна. Энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна. Мөн энэ онд манай компани үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой болохтой холбоотойгоор “Хос Жигүүр” нэртэй төслийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн амины орон сууцны Хандгайт төсөлд анхаарлаа хандуулж байгаа. 

- Барилгын салбарын санхүүжилтийн боломж Монголд хэр байдаг вэ. ХААН Банкны албаны хүний индэр дээрх яриаг та ч бас сонссон байх? 

- ХААН Банк барилгын компаниудад санал болгож буй хүүгийн хэмжээгээ хэллээ. Үүнийг би өндөр хүүтэй байна гэж бодсоноо ний нуугүй хэлье. Худалдан авагчдад 15-20 жилийн хугацаатай зээл олгодог. Гэтэл барилга барих компанид 1-3 жилийн хугацаатай зээл өгдөг. Асар хурдан хугацаанд зээлээ эргүүлж төлөх хэрэгтэй болдог. Хугацаагаа уртасгаж өгөөсэй гэж боддог доо. 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: