Г.Батсүх: Барилгын салбарын хөөс хагарсан

9-р сар. 2, 2019, 5:19 p.m.

Энэ жил 12 дахь удаагаа болж буй "Барилга экспо 2019" үзэсгэлэн энэ сарын 6-8-нд Мишээл экспод болно. Ногоон барилга уриатай зохион байгуулагдаж буй эл арга хэмжээний тухай болон барилгын салбарт өрнөдөг бусад асуудлын талаар Barilga.mn сайтын үүсгэн байгуулагч Г.Батсүхтэй ярилцлаа. 

БАРИЛГЫН КОМПАНИУД СОЛОНГОСТОЙ ӨРСӨЛДӨХ САЙН ЦАЛИН ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

- Сүүлийн үед ногоон барилгын тухай барилгын салбарынхан нэлээн ярих боллоо. Гэхдээ олон нийтийн хувьд ногоон технологи болон ногоон байгууламжийн ялгааг төдийлэн анзаардаггүй. Мөн салбар дотроо ч хэнийг ногоон гэж тодорхойлохоо хараахан мэдэхгүй байна. Үнэндээ ногоон барилга нь урт хугацаандаа зардал багатай буюу худалдан авагч талд ашигтай гэсэн. Тэгэхээр ногоон технологи ашигласан барилгыг хэрхэн олох вэ? 

- Ногоон барилгыг хөгжүүлэх чиглэлээр бид нэлээд хэдэн жилийн өмнөөс салбартаа дуу хоолойгоо өргөж эхэлсэн. Ногоон барилга гэх концепцын үйл ажиллагааг дэмжихийг барилгын компаниудад уриалдаг байлаа. Жишээ нь, 2012-2013 оны “Барилга, орон сууц” үзэсгэлэнг ногоон барилга нэрээр хийсэн. 

Барилга гэдэг норм, дүрэм, стандартаар хязгаарлагддаг. Барилгын бүх үйл явц төрийн зохицуулалт, хууль дүрэм, норм стандартын дагуу явдаг. Тэгэхээр норм, стандарт шинэчлэгдээгүй байгаа цагт барилгын компаниуд ногоон технологийг нэвтрүүлэхэд тийм ч хялбар биш. 

- Ногоон технологи нэвтрүүлэхэд төрийн байгууллагаас тогтоож өгч буй норм, дүрэм журам, стандарт хоорондоо харшилддаг гэж ойлгож болох уу? 

Бодлого тодорхой болж байж технологийг хялбар нэвтрүүлнэ. Гэнэтхэн дан ганц аж ахуйн нэгж санаачлаад, барилгадаа ногоон технологи нэвтрүүлэхэд хүндрэлтэй. 

- Жишээлбэл, цахилгааны хэмнэлттэй технологийг төрийн байгууллагууд хүлээн зөвшөөрөхгүй бол барьж буй барилгадаа нэвтрүүлж болохгүй гэсэн үг үү? 

- Тийм. Хүлээж авахгүй байх магадлалтай. Тиймээс бид энэ жилээс ногоон хөгжил гэх уриаг дэвшүүлж байгаа. Гэхдээ энд зөвхөн технологи яриад байх хэрэг биш юм. Өөрсдөө өөрчлөгдөхөөс эхлэх учиртай. Аж ахуйн нэгж болон төрийн байгууллага хамтдаа сэтгэлгээгээ өөрчлөх нь чухал. Төр бодлого гаргаж, норм дүрмээ шинэчилж, хууль эрх зүйн орчноо сайжруулж, төрийн худалдан авах ажиллагаагаа сайжруулж, сайн аж ахуйн нэгжээ дэмжих ёстой юм. Харин барилгын компаниудын хувьд бизнесийн ёс зүйтэй байх хэрэгтэй. Компанийн нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэх хэрэгтэй. Менежментээ сайжруулж, чанарын удирдлагыг тогтолцоог сайжруулах ёстой. Туслан гүйцэтгэгч болон ажилчдаа дэмжиж, сургаж ажиллах хэрэгтэй. Жижиг бригад, туслан гүйцэтгэгчдийн ажилтнууд ч эерэг тал руу  өөрчлөгдөх хэрэгтэй. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хөгжиж ажиллах хэрэгтэй. Энэ бол бидний зүгээс гаргаж буй уриалга. 

Дашрамд хэлэхэд, Монголын барилгын салбар өнөөдөр хүний нөөцийн хомсдолд орсон. Тэгэхээр залуучууддаа хандаж барилгын салбарын мэргэжил эзэмшье гэж хэлмээр байна. Барилга бол бүтээлч үйл ажиллагаа. Дээд сургууль төгссөн хүүхдээс барилгын мэргэжил эзэмшсэн залуучууд илүү өндөр цалин авдаг. Сургуулиа дөнгөж төгссөн менежер 800 мянган төгрөгийн цалин авч байхад барилгын туслах нэг, барилгын мэргэжилтэй ажилтнууд 1.5 сая төгрөгийн цалин авдаг. Барилгын инженерүүд харин хоёр сая төгрөгөөс дээш цалинтай болжээ. Нөгөө талаас барилгын мэргэжил эзэмшсэн хүмүүс хаана ч очоод ажиллаж чадна. Энэ бол хил хязгааргүй ажил. 

- Манай барилгын компаниуд Солонгостой цалингийн түвшингээр өрсөлдөж чадахгүй байдалд хүрсэн тухайгаа ам уралдан ярьж байна. Ажилчдаа хэрхэн тогтвортой ажиллуулах вэ гэдэг асуудалд шийдэл олж чаддаггүй гэсэн. Зарим компани ажилчдаа ажиллаж буй хугацаанд нь тултал нь хэрхэн ашиглах вэ гэж боддог болсон тухайгаа хуваалцдаг. Хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх ажлыг төр болон хувийн хэвшлийн аливаа аж ахуйн нэгж хийж байгаа болов уу?  

- Юуны өмнө бид ажилчдын бүтээмжийг сайжруулах хэрэгтэй. Солонгост өндөр цалин авдагийн цаана бүтээмж л оршдог. Төслийн менежмент хэрэгжүүлж сурсан туршлагатай компаниуд ажилтнуудаа цаг, минутаар ажиллуулж чаддаг. Тогтолцоог бий болгосон гэсэн үг. 

Харин манай дийлэнх барилгын компаниуд гарааны бизнес маягаар ажлаа эхлүүлдэг. Сонирхогчид буюу мэргэжлийн бус хүмүүс компани байгуулдаг. Тэдний хувьд барилгын компанийн үйл ажиллагааг удирдаж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж чадахгүй байна. Өгөх ёстой цалинг нь өгөөд, бүтээмжийг нэмэгдүүлэхээс өөр арга байхгүй. 

- Солонгостой өрсөлдөхүйц цалин өгөх хэрэгтэй гэсэн үг үү? 

Тийм. 

- Та ярилцлагын эхэнд норм, стандартын тухай ярьсан шүү дээ. Энэ салбарт та 10 гаруй жил ажилласан. Таныг ажиллаж байх хугацаанд норм, дүрэм журам, стандарт өөрчлөгдсөн удаа бий юү? 

- Барилгын салбарт нийтдээ 450 гаруй норм, дүрэм бий. Мөн 400 гаруй стандарт мөрдөгдөж байна. Өнгөрсөн 2013-2014 онд барилгын салбарт ашиглаж буй норм, дүрэм, стандартуудад үзлэг хийсэн. Ингээд 50 орчим хувь нь өнөөгийн шаардлагад нийцэхгүй, шинэчлэх шаардлагатай гэх дүгнэлт гарсан байдаг. Орчин үеийн технологи болон материалтайгаа уялдуулж, норм, дүрэм, стандартаа шинэчлэх шаардлагатай гэж одоогоос таван жилийн өмнө ярьсан. 

- Шинэчлэл хийгдсэн үү? 

- Бүрэн хийгдээгүй. Удаашралтай байгаа. Компаниудын хувьд олон улсын норм, стандартад нийцсэн технологиудыг оруулж ирж байна. Энэ нь Монголд нийцэхгүй байгаа. Гаднын технологийг монголчилж, нутагшуулж байгаа. 

- Хаана удааширч байна вэ? 

Төрийн байгууллагууд удаан ажиллаж байна. Барилга хот байгуулалтын яам базаж бодлого гаргах ёстой. Үүнд үндэслэж, Стандартчлал, хэмжил зүйн газар стандарт батлах ёстой. Төрийн байгууллагуудын уялдаа холбоог бодлогоор хангаж, хурдтай ажиллах шаардлага бий.

- Ногоон барилгын чиглэлд танай хамт олон 2012 оноос хойш дуу хоолойгоо хүргэж эхэлсэн гэж та хэлсэн шүү дээ. Тэгэхээр хэнийг ногоон гэж хэлэх тухай чамгүй туршлагатай байгаа байх. Худалдан авагч талд хэмнэлттэй ногоон технологийг нэвтрүүлсэн төслөөс нэрлээч гэвэл та аль барилгыг нэрлэх вэ? 

- Барилга барих үйл явцаас ногоон барилга эхэлдэг. Тухайн барилгад ашиглаж буй материалыг үйлдвэрлэхэд байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх ёстой. Барилга барьж байх үед эрүүл ахуйн талаас анхаарсан, орчиндоо хүмүүст саад болохгүй байдлаар барилга барих ёстой гэх мэт олон шаардлага бий. Дээр дурдсан шаардлагууд Монголд өдгөө албажаагүй байна. 

Төрийн бус байгууллагуудын хувьд олон удаа санал гаргасан. Үнэлгээний системийг хүртэл боловсруулж ажилласан байдаг. Энэ нь манай төрийн байгууллагад гацсан байдалтай байна.  

Өнөөдрийн байдлаар энэ ногоон барилга гэж шууд хэлэх боломж бага. Сүүлийн үед үндэсний компаниуд ногоон барилгын чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа. Нэр цохож дурдвал “Nomin Construction Development” групп болон “Teso Properties” компанийг нэрлэж болно. 

-Ногоон хотхон гэх далайцтай сурталчилгааг “Nomin Construction Development” групп сайн хийдэг учраас олон нийт сайн мэдэж магадгүй. Харин “Teso Properties”-ийн хувьд чухам аль төслийг та ногоон барилга гэх ангилалд хамруулж байна вэ? 

- Гэр хорооллыг орон сууцжуулахад чиглэсэн “Sodon Standart” цогцолбор хотхоныг нэрлэж болно. Энэ бол зорилтот бүлэг рүү чиглэсэн сайн орон сууц. Орчны шаардлагуудыг бүрэн тавьж, эрчим хүчний хэмнэлт талаас сайн ажилласан. Өндөр үнэтэй тансаг материал хэрэглээгүй боловч стандартад нийцсэн материалаар гүйцэтгэлээ сайн хийсэн байна лээ. Зорилтот бүлэгт чиглэсэн маш боломжийн орон сууц.  

- Зорилтот бүлэг рүү чиглэсэн орон сууцанд тогтоосон үнэ байдаг уу? 

- Үнийн хувьд зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр зохицуулагдах ёстой. Орон сууцыг ам метр тутамдаа 1.5 сая төгрөгтэй тэнцвэл сайн, гурван саяд хүрвэл муу гэх боломжгүй шүү дээ. 

Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ гэдэг байршил бас дахин байршлаас шалтгаална. Хоёрдугаарт, тухайн орчны үнэлгээ үнэд нөлөөлдөг. Долоон буудалд ямар ч гоё байшин бариад ам метр тутмыг нь гурван сая төгрөгөөр зарж чадахгүй. Гэтэл Туул голын эрэг дагуу барихад үнэ цэнэтэй болдог. Байрыг ер нь өртгөөр нь хэмжиж болдоггүй. Зах зээлийн жамаар үнэлэгдэнэ. 

- Нөгөө талаас орон сууц босгох өртөгт газрын үнэлгээ нэлээд нөлөөлж байна уу? 

- Тийм ээ. Газрын үнэлгээнээс эхэлнэ. Ер нь орон сууц үнэ цэнэтэй байх хандлагыг дэлхий даяар дэмждэг. Тухайн үл хөдлөх хөрөнгө байршиж буй хот агаарын бохирдолгүй, эко байх хэрээр үнэ өсдөг. Европын хотуудын үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ асар өндөр шүү дээ. Тэгэхээр үнэ цэнэтэй байлгахад анхаарах ёстой. Үр дүнд нь миний, улаанбаатарчуудын, Монголын үл хөдлөх хөрөнгө үнэ цэнэтэй гэж ярина шүү дээ. Тэгтэл Улаанбаатарын байр үнэтэй, заавал ам метр нь нэг сая төгрөгт багтах ёстой гэж зүтгээд байвал өөрийн хөрөнгөө үнэ цэнэгүй болгож байгаа гэсэн үг. 

- Богд уулын бүх амыг барилгажуулж байна. Нэг талаасаа зөв байх. Гэхдээ олон нийтийн хамгийн их шүүмжлэлтэй ханддаг зүйл нь төрийн байгууллагын ямар нэг албан тушаалтан газрыг хэн нэгэнд борлуулаад байх шиг?  

- Дэлхий даяар газрыг үл хөдлөх хөрөнгө гэж үздэг. Гэтэл Монголд өмчилсөн газар л үл хөдлөх хөрөнгө гэх ангилалд багтдаг. Бусад газрын хувьд эзэмших эрх л бий. 

- Ямар ялгаатай гэсэн үг билээ? 

- Засаг дарга захирамж гаргаад л мөнөөх газрын зөвшөөрлийг цуцлах эрхтэй. Тусгай хамгаалалттай буюу Богд ууланд газар авчихсан байя гэж бодъё л доо. Үүнийг нэг л өдөр төлбөрөө төлөөгүй байна гэж цуцлаад, улс эргүүлээд авах эрхтэй гэсэн үг. 

- Тэгэхээр барилгын компаниуд эрсдэлээ үүрээд ажиллаж байгаа гэсэн үг үү? 

- Манайд хот төлөвлөлтийн бодлого ерөөс алга. Богд уулын газрын зөвшөөрөл хот төлөвлөлтдөө уялдаж ажиллахгүй байна. Богд ууланд газар олгох зөвшөөрөл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харъяа юм. Төрийн өмчит тусдаа байгууллага эзэмших эрх олгодог. Эндээс олгосон газар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж, уялдаж ажиллахгүй байна. 

- Эрэлт, нийлүүлэлтийн хуулиар л байрны үнэ тогтоно гэж та ярилаа. Одоогийн нөхцөл байдлаа харвал зах зээлд нийлүүлэлт давсан байгаа шүү дээ? 

- Зах зээлд эрэлт бий юү гэвэл тийм. Гэхдээ худалдан авах чадвартай эрэлт хараахан байхгүй. Хүсэл мөрөөдөлтэй л эрэлт бий. 200 гаруй мянган хүн байр авах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна лээ. Нөгөө талаас, Улаанбаатар хотыг харахад аятай, тухтай орчин алга. Хоёрдугаарт, гадныхан ирээд амьдарахад тохиромжтой, таатай биш байна. Улаанбаатар хот таагүй учраас үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ өсдөггүй. Тэгэхээр эрэлт бага гэсэн үг. 

- Нөгөө талаас ам.доллараар илэрхийлэх орон сууцны үнэлгээ буурсан байдаг? 

- Тийм шүү. Би хувьдаа Улаанбаатар хотод гаднын иргэд ирж, үл хөдлөх хөрөнгө худалдаж аваасай гэж хүсдэг. Энэ бол гаднын хөрөнгө оруулалт шүү дээ. Гэтэл манайхан гадныхан ирж байр аваад орон сууцны үнэ өсгөлөө гэж ярьдаг. Үүнийг буруу гэж боддог. 

Дэлхийн олон оронд үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ сайтар хөгжүүлж байна. Жишээ нь, Дубайн хаус, аппартментийг гадныхан нэлээн худалдан авдаг. Энэ нь тухайн хотыг үнэ цэнэтэй болгодог. 

- “Барилга экспо 2019” арга хэмжээнд оролцож буй байгууллагуудад нийгмийн хариуцлагын хүрээнд ажил хийсэн байх ёстой гэдэг шаардлага тавьсан байна лээ. Барилгын компаниудын хийдэг сайн жишээнээс дурдаач? 

- Нийгмийн хариуцлага гэдэг үнэндээ их энгийн. Нэгдүгээрт, хууль дүрмээ биелүүлж ажиллах ёстой. Энэ бол гарцаагүй зүйл. Хоёрдугаарт, хийж буй ажлаа чанартай хийх ёстой. Гуравдугаарт, туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч компаниудад төлбөр мөнгөө цагт нь өгч, цалинг нь олгох хэрэгтэй. Нийгмийн хариуцлага гэхээр бусдад өглөг өгөхдөө гол нь биш юм. Өглөг өгөхөөр нийгмийн хариуцлагатай мэт харагдахаа больсон байна. 

Мөн бидний зүгээс эерэг, зөв хандлагатай байя гэх уриаг дэвшүүлж байна. Ямар ч хүн хийж буй ажилдаа эзэн болох хэрэгтэй. Ажилтнуудаа дэмжиж, орон сууцжуулах, барьж буй орон сууцаа аль болох зорилтот бүлэгт зориулж барих зэргийг ч хэлж болно. Мөн утааны голомтод буюу гэр хорооллын дахин төлөвлөлтийн байр барина гэдэг өөрөө нийгмийн хариуцлага гэж боддог. 

ЯАРМАГ, НИСЭХ ОРЧИМД БАРИГДААГҮЙ ҮЛДСЭН ОЛОН КАРКАЗ БОЛ ХЯМРАЛЫН ҮР ДҮН 

- Эдийн засаг 2011 онд эрчтэй өсөж байхад барилгын салбарын амбийц ямар байсан бэ? 

- Тухайн үед төрөөс барилгын салбарыг маш их дэмжсэн. Барилгын материалын үйлдвэр болон ханган нийлүүлэгчдэд зээл өгч, нийлүүлэлт талыг дэмжсэн. Монголбанкн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд худалдаачдад хүртэл асар их зээл гаргасан. Нөгөө талд 2013 оноос ипотекийн зээл хэрэгжүүлж, эрэлт талд дэмжлэг үзүүлсэн. Тухайн үед нэлээд огцом шийдвэрүүд гарч байна гэж анзаарч байлаа. Энд оносон ч шийдэл бий. Алдсан ч шийвэр бий. 

- Ингээд хоёр талын дэмжлэг авсан барилгын компаниуд юу ярьдаг байв?   

- 2025 он гэхэд орон сууцны үнэ хэд дахин өснө гэж ярьдаг байлаа. Цаашдаа үнэ тасралтгүй өснө гэж төсөөлдөг байв. 2020 он гэхэд өнөөгийн 1.5 сая төгрөгийн орон сууц 3 саяд хүрнэ гэж яриад л. Цаашдаа барилгын салбар өснө гэж судлаачид итгэл төрүүлсэн учраас мөнгөтэй болгон орсон. Ингээд 2015 онд хүчээр өссөн хөөсрөлийн үр дагавар гарч, нэлээн олон компани хямарсан. 

- Тухайн үед хямралд ямар компаниуд хамгийн их өртсөн бэ. Тодорхой жишээ дурдаж болох уу? 

- Олон компани бий. Яармаг, Нисэхийн орчимд олон жил болж буй хоосон байшин, карказыг дурдаж болно. Ихэнх төсөл 2012 онд эхлээд одоо хүртэл баригдаагүй, хоосон карказ нь арзайгаад л байж байна. 

- Уналтын үед компаниуд юу ярьж эхэлсэн бэ. Танд юу мэдрэгдэж байв?  

- Бид 2016 онд Барилгын салбарын 90 жилд зориулаад барилга, үл хөдлөх хөрөнгийн судалгааны тайланг бэлтгэсэн. 2015 оны сүүлчээр хийгдсэн энэ тайланд барилгын салбарын ирээдүйн таамгаа бичсэн. Тухайн үед компаниуд эхнээсээ ухамсарын шанаа аваад эхэлчихсэн байлаа шүү дээ. Гэхдээ л гэгээлгээр ирээдүйгээ төсөөлсөн хэвээр. Энэ жилийг л даваад гарчихвал ирэх жил гайгүй болох байх гэсэн хүлээлттэй байлаа.

Энэ үед нэг л зүйл ойлгомжтой болсон. Барилгын салбар эдийн засгаасаа хараат, уул уурхайгаас хараат юм байна гэдгээ ойлгосон. Нүүрс болон зэсийн үнээс бидний амьдрал шалтгаалах юм байна гэдэг нь тодорхой болсон. Эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн худалдан авах чадварыг сайтар харах нь чухал гэдгийг ойлгосон. Төрийн дэмжлэг, ипотек цаашдаа явах, явахгүйг харах хэрэгтэйг ойлгосон. Тооцоо судалгаа сайн хийж, ТЭЗҮ-тэйгээр төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг сануулж хэлсэн. Тухайн үед олон компани барилгын салбараас гарсан. 

- Яг хэчнээн компани барилгын бизнесээс гарсаныг хэлэх боломжтой юу? 

Хэлэхэд хэцүү. Эргээд орж ирэх хандлага сүүлийн үед ажиглагдаж байгаа.  

- Бид барилгын салбарт хөөс үүссэн байсныг мэддэг. Гэхдээ хөөс хагарсан эсэхийг мэдэхгүй байгаа шүү дээ?  

Хөөс хагарсан. 

- Бодит үнэ рүү дөхсөн гэж ойлгож болох уу? 

Төрөөс ямар нэг дэмжлэг байхгүй учраас зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчимдаа тулгуурлаж үнэ тогтож байгаа гэж хэлж болно. Эдийн засаг өсөж буйг дагаад ард иргэдийн худалдан авах чадвар нэмэгдэж, орлоготой болж байна. Үүнийгээ дагаад орон сууцны эрэлт нэмэгдээд, жамаараа үнэ тогтлоо. Анх 2013 онд орон сууцны үнэ 30 хувиар өссөн юм. Энэ үнэ 2017 онд эргээд 30 хувь унаж, шалдаа буусан. 

- Тэгэхээр одоо байр авахад хөөсөрсөн бус эрэлт, нийлүүлэлтийн жамаар тогтсон үнээр авч байна гэж хэлж болох уу? 

- Тийм. 

- Үе үеийн Засгийн газар иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг өөрсдийнхөөрөө томъёолж, ажил хэрэг болгохоор зүтгэж ирлээ. Ипотекийн зээл гэхэд л барилгын салбарт хөөсрөл бий болгож, энэ хөөс хагарах үед олон компани цохилтод орсон тухай та ч ярилаа. Тэгэхээр Засгийн газраас энэ төрлийн ажил хийх нь хэр зөв зүйтэй гэж бодож байна вэ? 

- Ипотекийн зээлийн тухайд зөв гэж боддог. Дэлхийн олон оронд иргэдээ орон сууцжуулах ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Хамгийн гол нь зорилтод бүлэгтээ хүрч байна уу гэдгээ харах хэрэгтэй. Жишээлбэл, утааг бууруулахын тулд бага орлоготой иргэдийг орон сууцжуулна гэж байгаа. Тэгэхээр энэ төрлийн зээл гэр хорооллыг дахин төлөвлөж буй 100 айлын орон сууцанд очих ёстой шүү дээ. Нөгөө талаас, жилдээ олгож буй 300 тэрбум төгрөгийг ипотекийн 8 хувийн зээлийг жирийн иргэд авч чадахгүй болсон. 

Тодорхой хэлээч? 

- Банк зөвхөн өөрийн санхүүжүүлсэн орон сууц эсвэл өөрийн төслүүдэд зээл өгч байна. Гэтэл 100 айлд байр авах гээд 8 хувийн өргөдөл өгөхөөр зээл хэзээ ч гардаггүй.  

- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байрнуудад зээл гарахгүй байгаа гэж ойлгож болох уу? 

Яг ч тийм биш. Тухайн банкнаас санхүүжилт авсан барилгын компанийн төслүүдэд 8 хувийн зээл өгч байгаа. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд өөрсдийн хөрөнгөөр барилга барьж буй компаниас байр худалдан авахад 8 хувийн зээл гарахгүй.  

- Энэ талаар Монголбанкнаас мэдээлэл хийсэн. Тэд арилжааны банкуудад шаардлага тавьж байгаа гэсэн. Бодит ажил хэрэг болох шат нь эргэлзээтэй байгаа гэж ойлгож болох уу? 

- Жишээ нь, амины орон сууцанд зориулсан зээл гаргана гэсэн. Одоо хүртэл алга. Амины орон сууцыг 8 хувийн зээлээр худалдан авч болно гэсэн журам бий. Гэтэл арилжааны банкууд өгдөггүй. Ер нь бодлого нь алдагдчихсан гэсэн үг. 

ЭНГИЙН ИРГЭДЭД ХЭРЭГТЭЙ ҮЕД НЬ BARILGA.MN САЙТ ХАМТ БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ

- Та barilga.mn веб сайтыг 2007 онд үүсгэн байгуулсан тухай өмнө нь өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ. Тухайн үед веб сайтын хөгжил сул байсан болов уу. Та бидний сайн мэдэх news.mn веб сайт гэхэд л 2008 онд ашиглалтад орж байсан шүү дээ. Мөн мэдээлэл технологийн чиглэлийн мэргэжилтэй хүн атлаа энэ салбарт ороод ирсэн байгаа нь анзаарагдсан. Яагаад барилгын салбарыг сонгож веб сайт хийх болсон шалтгаанаа хуваалцаач? 

- Би мэдээлэл технологийн чиглэлээр сургууль төгссөн. Гэхдээ төгссөнийхөө дараа барилгын салбарт ажилласан байдаг. Анх барилгын засал чимэглэл, интерьер дизайны чиглэлэээр найзуудтайгаа хамтарч амины орон сууц барьж эхэлсэн юм. Ингээд 2007 онд barilga.mn сайтаа нээсэн. Тухайн үед Монголын хамгийн том вебийн үйлдвэр гэгддэг E-Mongol компаниар веб сайтаа хийлгэж, 2007 оны гуравдугаар сард нээлтээ хийсэн. 

Тэр үед интернетийн хурд 64, 128 kbps-аар хэмжигддэг байлаа. Dial up буюу утасны интернет хэрэглэдэг байсан үе. 

- Тухайн үед веб сайтаа хурдан ачааллуулах талаар ямар бодолтой явдаг байсан бэ? 

Одоо бодоход 128 kbps хурд гэдэг маш бага шүү дээ. Тухайн үедээ өндөр хурдны интернет л гэж тооцдог байлаа. Сайтаа танилцуулахаар компаниудтай уулзаад үзүүлнэ. Веб сайт маань уншаад, гарч ирэхгүй ээ. Гэтэл одоо хурдны хувьд асуудалгүй болсон. 

- Анх barilga.mn гэх веб сайт нээх тухай санаагаа хэрхэн олсон бэ? 

- Барилга барьдаг байсан тухайгаа дээр дурдсан. Барилгын захуудаар явж материал цуглуулдаг байлаа. Материал хайж олоход нэлээн төвөгтэй. Ингээд материалыг интернетээр дамжуулж, компьютерээс шууд хардаг болгох юмсан гэдэг бодолдоо хөтлөгдөөд л barilga.mn гэх сайтаа нээсэн.  

- Энэ зорилгодоо та тэгээд хүрч чадсан уу? 

- Технологи маш хурдтай хөгжиж байна. Манай сайтын хувьд тав дахь үеийн шинэчлэлээ хийж байгаа. Технологи өдрөөс өдөрт сайжирч байна. 

- Та barilga.mn веб сайт руу орж байгаа хүн юуг нь олж хараасай гэж хүсдэг вэ? 

Жирийн иргэдийн хувьд тоосго, цемент, барилгын материал нь өдөр тутмын хэрэгцээ биш. Амьдралдаа нэг удаа байшин барихад нь хэрэг болох л веб сайт байх юмсан гэж боддог. Хэрхэн тоосго өрөх тухай нийтлэлээс эхлээд бүх мэдээлэл бий. Хэрэгтэй мэдээллээ, хэрэгтэй цагтаа аваасай л гэж боддог. Мэргэжлийн хүн биш бол энд өдөр бүр ороод байх шаардлага алга. Google-ээс барилгын материалын талаар хайлт хийхэд хамгийн эхэнд barilga.mn веб сайт харагддаг. Энгийн иргэдийн хувьд хэрэгтэй үед нь хамтдаа байх нь чухал. 

- Тэгвэл компанийн хувьд? 

- Энэ бол интернет дахь салбарын  нэгдэл. 100 айл захтай зүйрлэж болох байх. Жишээ нь, таны компани вебсайттай байж болно. Тухайн компанийн веб сайт руу өдөрт хэчнээн хүн ордог вэ. Barilga.mn сайт руу хэд ордог вэ гэж харвал газар, тэнгэр шиг ялгаатай.  

- Та barilga.mn сайтын ирээдүйг хэрхэн харж байна вэ? 

Орчин үеийн бизнес цахим боллоо. Маш ирээдүйтэй бизнес. Бидний одоо хийж буй шинэчлэл нь хэрэглэгч талдаа илүү хялбар болж байгаа. Ингэснээр бүр олон компани нэгдэнэ гэдэгт итгэдэг. Цаашдаа улам хөгжиж, томроно гэдэгт итгэлтэй байдаг. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад монголчууд цахим бизнес хийхийг хүсдэг болжээ.  

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: