Б.Дүнжингарав: Манайхны хэрэгжүүлдэг барилгын төсөл гаднын томоохон хөрөнгө оруулагчдад жижигддэг тал бий

3-р сар. 4, 2019, 12:54 p.m.

“Гаднын хөрөнгө оруулагчдыг татахын тулд компаниуд хамтарч том төсөл хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж ярих эрхмийг Б.Дүнжингарав гэдэг. Түүний удирдаж буй “Nandin Brothers Group” компани АСА Циркийн урд, бизнесийн дүүрэгт сүндэрлэж буй “Santo Tower” төслийг хэрэгжүүлж байна. Барилгын салбарын хөрөнгө оруулалтын боломжийн талаар түүнээс цөөн асуултад хариулт авлаа. 

-Барилгын төсөл хэрэгжүүлэгчдийг хөрөнгө оруулагчидтай уулзуулах Property Investment Ulaanbaatar 2019 арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр таны удирдаж буй “Nandin Brothers Group” компани “Santo Tower” төслөөрөө оролцож байгаа юм байна. Төслийнхөө талаар товч танилцуулаач?  

-Энэ арга хэмжээнд манай компани АСА Циркийн урд байрлалтай, дээд давхар нь үйлчилгээтэй орон сууц буюу serviced apartment, доод давхар нь бизнесийн төв байхаар тооцож буй “Santo Tower” төслөөр оролцож байна. Нийт 9000 ам метр талбай бүхий 16 давхар барилга босож байгаа. 

Төслийн хамгийн том давуу тал нь хотын төвийн бизнес дүүргийн байршил юм. Их хотын ажил хэрэгч хүмүүст зориулсан манай барилгаас дулааны улиралд хаашаа ч хамаагүй алхах боломжтой. Мөн банк санхүү болон үйлчилгээний байгууллагатай ойр. Хүүхдийн сургуулиуд ч ойр бий. 

Нөгөө талаас, хотоос зайдуу Зайсан эсвэл шинээр бий болж буй хөгжлийн бүс рүү манайхан төвлөрөн амьдардаг. Энэ зуур хотын төвд амьдрах зориулалттай орон сууцны төсөл хэрэгжүүлэхээ больжээ. Гэтэл ажил, амьдралаа зохицуулахад хотын төв чухал хэвээр байна шүү дээ. Тиймээс ч зах зээлээ харж, үйлчилгээтэй орон сууц бүхий төслийг хэрэгжүүлж байна. 

Манай төслийг сонирхох хүмүүс ихэвчлэн бизнес хийдэг, үр хүүхэд нь тусдаа гарсан буюу амьдрал нь тогтчихсон цөөн ам бүлтэй байх болов уу гэж таамаглаж байна. Хотоос зайдуу амины орон сууцанд амьдардаг ч хотын төвд орон сууц хэрэгтэй хүмүүст зориулсан төсөл юм. Нэгэнт цөөн ам бүлтэй айл амьдарна гэж тооцож байгаа учраас талбайн хэмжээ жижиг сонголттой. 

Мөн гаднын хөрөнгө оруулагчид “Santo Tower”-ийн үйлчилгээтэй орон сууцанд амьдраад, доод давхруудад ажил хэргээ явуулах боломжтой. Бизнес, орон сууцыг хослуулсан байдлаар шийдэж байна. 

Дашрамд хэлэхэд, манай худалдан авагчид өвлийн улиралд хотын төвд амьдрахгүй гэж шийдвэл үйлчилгээтэй орон сууцныхаа менежментийг манай компанид даатгаад, зочид буудлын хэлбэрээр түрээслэх боломжтой шүү. Орлогын тодорхой хувийг менежмент хийсэн компанид өгнө. Үндсэн орлогоо харин үл хөдлөх хөрөнгө эзэмшигч өөрөө авах системийг бүрдүүлэхэээр ажиллаж байна. 

-Төслийн борлуулалт эхэлсэн үү? 

-Хараахан эхлээгүй байна. Property Investment Ulaanbaatar 2019 уулзалтын хүрээнд анхны саналаа танилцуулна. 

-Манай барилгын салбарт гаднын хөрөнгө оруулалт татах боломж хэр байдаг вэ?  

-Бидний хэрэгжүүлдэг барилгын төсөл гаднын томоохон хөрөнгө оруулагчдад, ялангуяа институцийн хэмжээний томчуудад жижигддэг тал бий. Тиймээс манай зах зээлд мэргэжлийн бус тоглогчид орж ирэх хандлага ажиглагддаг. Нөгөө талаас, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахын тулд дангаараа нэг компани зүтгэх биш, хүчээ нэгтгэж төслийн цар хүрээгээ томруулах хэрэгтэй гэж харж байна. Ингэснээр гаднын хөрөнгө оруулагчидтай хамтрах боломж илүү бүрдэх болов уу.  

Манай компанийн хувьд Хятадаас хөрөнгө оруулалт татахаар өнгөрсөн хугацаанд нэлээд ажилласан. Хятадын зах зээлд байгаа бараа үйлчилгээг бидэнд хөрөнгө оруулалт хэлбэрээр санал болгох байдал нэлээн ажиглагддаг. Энэ төрлийн санал тавьдаг хөрөнгө оруулагчид ихэвчлэн өөрсдөө үйлдвэрлэгч эсвэл худалдааны бизнестэй хүмүүс байдаг. 

Жижиг төслийн хувьд бараа бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулалт хэлбэрээр ашиглаж болно. Харин том төсөл хэрэгжүүлье гэвэл энэ төрлийн хөрөнгө оруулалт өөрийн гэсэн сул талтай. 

Үнэндээ бид хөрөнгө оруулалтын сонголтыг дэлхийн хаанаас ч хийж болно. Хамгийн гол нь хөрөнгө оруулагч тухайн төслийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг зөв хүрээнд шийдэх хэрэгтэй гэж харж байна. Төсөл хэрэгжүүлэгч болон хөрөнгө оруулагч талдаа санхүүжилтийн асуудлыг тэнцүү хүрээнд шийдэх хэрэгтэй. 

-Тэгэхээр гаднын хөрөнгө оруулалт татахын тулд компаниуд хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн санал гаргаж байгаа юм байна. Зөв үү? 

-Тийм. Том төсөл дангаараа хэрэгжүүлэх нь манайх шиг залуу компанид нөөц бололцооны хувьд хязгаарлагдмал байдаг. Харин харилцагч компаниудтай зөв уялдаа холбоотой ажиллавал том төсөл хэрэгжүүлэх боломжтой гэж хардаг.  

Өнгөрсөн жилүүдэд барилгын салбар унасантай холбоотойгоор бартерын наймаа, бараа солилцоо идэвхжсэн. Үүнийг буруу гэж боддоггүй. Манай түншүүдэд хэрэгтэй бараа, ажил үйлчилгээ бидэнд, харин манайд хэрэгтэй ажил үйлчилгээ тэдэнд байгаа тохиолдолд бартер хийх хэрэгтэй. Зургийн компани нь зургаа зурдаг, барилгын материал үйлдвэрлэгч материал нийлүүлэх гэх мэтээр төслийн хүрээнд хамтран ажиллах боломж их байна гэж хардаг. Ирээдүйн таван жилд бартерын худалдаа хэвээр байх болов уу гэж харж байгаа. Хамгийн гол нь, энэ ажлыг системтэйгээр зөв хийх нь чухал гэж боддог. Тиймээс ч том төсөлд хамтрахад нээлттэй байгаа шүү гэдгээ уламжилмаар байна. 

-Property Investment Ulaanbaatar 2019 та ямар хүлээлттэй байгаа вэ? 

-Шинэ хөрөнгө оруулагчидтай уулзах байх гэсэн хүлээлт бий. Төслүүд нэгдэж хөрөнгө оруулалт татах боломжоо нэгтгэж байгаа гэдэг нь хамгийн гол онцлог гэж бодож байна. 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: