Н.Лхагва: Борлуулалтын ажилтны яриа барилгын гүйцэтгэлтэй зөрүүгүй байдаг нь манай хамгийн том давуу тал

3-р сар. 12, 2019, 11:47 a.m.

“Хувь хүнийхээ хувьд Маршалын гүүр орчимд манай компанийн босгож буй River Garden болон бусад төслөөрөө бахархаж явдаг” гэж Н.Лхагва хэлсэн нь бидний ярилцлагын дараа сэтгэлд үлдсэн хамгийн сонирхолтой өгүүлбэр байв. Компанийн ажил хэрэг нь хувь хүний бахархал болж өсөн өндийжээ. Нэг талаас гэр бүлийн аз жаргалыг нэн тэргүүнд тавьдаг компанийн философи нь түүнд олон жил нэг газарт ажиллах итгэлийг бий болгож, бахархал нь болсон юм шиг санагдав. “Ерөнхий захирал, CEO болон энд ажиллаж байгаа 100 гаруй ажилтан бүгд хүн. Хүн хамгийн их аз жаргалыг зөвхөн гэр бүлтэйгээ байхдаа мэдэрдэг. Гэр бүл аз жаргалтай байвал тухайн хувь хүн улс эх орондоо ихийг хийж бүтээнэ. Гэр бүл гэртээ л хамгийн аз жаргалтай байдаг” гэв. Компанийн энэ философи “NCD Group”-т борлуулалтын ахлах ажилтан хийдэг Н.Лхагвын хувь хүний үнэт зүйл болон хувирчээ. 

* * * 

Өдгөө идэвхтэй хэрэгжүүлж байгаа тав, төлөвлөсөн нэг төсөлтэй компани Монголын барилгын зах зээлд “NCD Group”-ээс өөр хараахан байхгүй. River Garden-аар эхэлж, Time Square хотхоноор буухиалсан тус группийн өндөр зэрэглэлийн орон сууцны төслүүд чанар, стандартаараа “NCD Group”-ийг зах зээлд том тоглогчийн тоонд зүй ёсоор оруулсан. Хамгийн анхны өндөр зэрэглэлийн River Garden төслөө 2010 онд хэрэгжүүлж эхлэхтэй зэрэгцээд Н.Лхагва тус группд ажиллах болжээ. 

Тэрбээр өдгөө хэрэгжүүлж буй төслүүдийн тухай танилцуулахдаа “Өнөөдрийн өндөрлөг” гэх үгийг хэрэглэв. Энэ үед бага зэрэг сандарч байгаа нь ажиглагдсан. “Шороо тоостой талбайд барилгачидтайгаа вогоончик дотор хоол иддэг байсан юм шүү дээ. Гэтэл өдгөө та бидний харж буй ногоон байгууламж бүхий хотхон сүндэрлэж. Тэгэхээр өнөөдрийн өндөрлөг гэж ярьж болох юм шиг санагддаг” гэж нэмж тайлбарласан юм. 

Өнгөрсөн арав орчим жил “NCD Group”-ийн борлуулалт, маркетингийн албанд харьяалагдсан нь нэг талаас азтай хэрэг гэж боддог гэнэ. “River Garden төслийг анх хэрэгжүүлж байхад худалдан авагчдын 50-иас илүү хувь нь макет хараад үнэмшдэггүй байсан. Тухайн үед барилгын компаниуд танилцуулсан зургаасаа өөр барилга барьдаг гэх ойлголт нийгэмд түгсэн байлаа. Хүүхдийн тоглоомын талбай нь авто зогсоол болчихсон, мод зүлэг тарина гэж ярьдаг ч мөнөөх нь биелдэггүйгээс болж сурталчилгааны зургийг биелэгдэшгүй даалгавар гэж ойлгодог байсан юм. Гэтэл бид анхны макетаараа 2012 онд эхний орон сууцаа ашиглалтад оруулахад л хүмүүс итгэж эхэлсэн. Анхны худалдан авагчид бидэнд маш их урам зориг өгсөн” гээд "Байр авахдаа шууд Лхагва руу залгаж, зөвлөгөө авдаг хүмүүс бий. Шороон дээр зураг барьчихсан залуусыг дэмжиж анхны худалдан авагч болсон хүмүүст талархаж явдгаа илэрхийлмээр санагддаг. Манай барилгын чанар, стандарт таалагдсан учраас над руу дахиж утастдаг гэж боддог" гэж хэлэхдээ тэр өөртөө тун ч итгэлтэй инээмсэглэв.   

* * *  

 

Casa Da Vinci төслийн рендер зураг

"Миний бодлоор "Casa Da Vinci" төсөл манай группийн нүүр царайг тахалсан бүтээн байгуулалт болно гэж боддог. Зүгээр ч нэг бүтээн байгуулалт биш урлагийн бүтээл гэж ойлгодог" гэж Н.Лхагва хэлэв. Уншигч таны зургаас харж буй хаус бол "NCD Group"-ээс хамгийн сүүлд хэрэгжүүлж буй Casa Da Vinci хаус хорооллын рендер зураг юм. Монголын хамгийн том хаус хороолол болж буй эл төслийн ажилд тус группийн хамт олон бүгд хүчин зүтгэснийг Н.Лхагва онцолж байна. "Бид итали мэргэжилтнүүдтэй хамтарч, жил гаруй хугацаанд судалгаа хийсэн. Ингээд эцсийн бүтээгдэхүүн болгоход захиалагч нарт нэг зүйлийг онцолмоор санагддаг. Бүтээгдэхүүн гарахын өмнө энэхүү хаусын ширхэг эс бүрийг буюу материал орц, нар, сар, гэрэл гэгээ тусах төлөвлөлтийг ярилцсан. Ариун цэврийн өрөөний байршлыг хүртэл ярилцаж байж өнөөдрийн бүтээн байгуулалт бэлэн болж байна" гээд нэрний утга учир нь урлагтай холбогдож байгааг хэлсэн юм. "Зүгээр ч нэг орон сууц биш, цаанаа утга учиртай гэдгийг ойлгоосой гэж агуу хүний нэрээр нэрлэсэн". 

Богд Хан Уулын бэлд, Арцатын аманд сүндэрлэж буй энэхүү хаус хороолол 23 га газарт баригдана. Өмнө нь ийм том талбайд хаус хороолол босгосон туршлага монголчуудад байхгүй. Өндөр зэрэглэлийн орон сууцны хороолол босгосон туршлага, алдаа оноондоо тулгуурлаж хамаг сайн гэх бүхнээ "NCD Group"-ийн зүгээс шингээсэн Casa Da Vinci төсөл 2018 онд эхлээд 2021 онд дуусах төлөвлөгөөтэй байна. Энэхүү төслийн хамгийн гол онцлог нь оршин суугчийн хувийн орон зай гэнэ. Энэ тухай Н.Лхагва дурдаад "Арын тохижилттой цэцэрлэг, хотхоны өөрийн ногоон байгууламж, нуур цөөрмийн зурвас, бичил ногоон байгууламжийг та энд харж болно. Мөн нуурын эрэг дээр “Club house” ч бий" гэв. Энэ бүхнийг ярихдаа түүний нүдэнд Casa Da Vinci хороолол бодитоор харагдаж байгаа мэт ярив. "Цогцоороо гоё хороолол босно. Ерөнхий зураг дээр итали болон монгол архитекторууд хамтран ажиллаж байгаа. Гаднаас мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна" гэв. 

 * * *

Н.Лхагватай уулзахаар "NCD Group"-ийн байрыг зориход ногоон навч бүхий лого өөрийн эрхгүй анхаарал татаж байв. Тус группийн бүтээн байгуулалтын ажилд ногоон байгууламж чухал үүрэгтэй байдгийг уншигч та ч мэдэх байх. Тэгвэл энэхүү лого нь дөрвөн зүг, найман зовхист тэдний үйл ажиллагаа тасрахгүй үргэлжилнэ гэх утга санааг гаргаж байгаа гэнэ. "Логоны навч дундуураа зураастай, өөрөө голоороо заагтай. Дөрвөн зүг найман зовхис гэсэн утгатай. Энэхүү логоны зургийг удирдлагын түвшинд гаргахдаа шууд шийдвэр гаргаагүй. Манай маркетинг борлуулалтын багийнхнаас нэлээн санал авсан. Учир нь бид хэрэглэгчидтэй яг фронт дээр тулдаг байлдагчид шүү дээ" гэсэн юм. 

 

Дээр дурдсан логог 2014 онд ашиглаж эхэлжээ. Энэ нь "Номин Констракшн" компани өргөжин тэлж групп болсонтой холбогддог. 1997 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн компанийн цар хүрээ асар хурдацтай томорсон аж. Энэ тухай "Анх 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулагдсан компани 2008 онд иргэний барилга руу орсон. Энэ үед 40 орчим хүнтэй болж өргөжсөн юм билээ. Үүний дараа River Garden төслийн ажил эхлэхэд 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй болсон" гэв. Хүн хүчнээс гадна тус групп зөвхөн барилга барьсангүй.

Та бидний UMECO нэрээр сайн мэдэх тавилгын үйлдвэр тус группийн мэдлийнх аж. Энд шилэн хаалга, төмөр караказ хийцлэл үйлдвэрлэдэг юм байна. Хамгийн сүүлд 2014 онд "Urban Capital" гэх Банк бус санхүүгийн байгууллагатай болсноор "Номин Констракшн" компани группийн хэмжээнд хүрсэн аж. Хамгийн сонирхолтой нь, тус компани төслийн хөгжүүлэлт хүртэл хийх зайлшгүй шаардлагатай тулгарсан байна. Хөгжүүлэгч болсноор тухайн группийн барьсан барилга цаашдаа үнэ цэнээ хадгалах чухал ажил болсон аж. Энэ тухай Н.Лхагва "2012 онд бид анх River Garden төслийн эхний шат ашиглалтад орлоо. Энэ төсөл манай хамт олны хувьд хүүхэд шиг нь санагддаг шүү дээ. Архитекторууд төсөөлж, инженерүүд түүнийг бий болгосон. Тэгэхээр хүч хөдөлмөрөө зарж хийсэн төслөө цааш нь хэрхэн сайхан байлгах вэ гэдэг асуулт гарч ирсэн. Үнэндээ бид хэн нэгэнд шууд өгч чадаагүй ээ" гэв.

Ингээд барилга бариад, борлуулаад л гарч явдаг компани проперти менежмент хийдэг, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлэх талаар анхаардаг, ашиглалт хариуцдаг болсон байна. "Үүнийг томоор нь харвал гэр бүлийг аз жаргалтай амьдруулах нэг зам" гэж Н.Лхагва хэлсэн юм. Харин тэр замыг улам ч тод харагдуулахаар Н.Лхагва ч, "NCD Group"-ийн хамт олон ч ажилласаар байна. 

 

 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: