Industry Leader | Г.Батбаяр: Мэргэжлийнхэнд ажлыг нь даатгах хэрэгтэй

2-р сар. 25, 2019, 3:08 p.m.

“Mandala”. Энэ нэр барилгын салбар төдийгүй олон нийтийн дунд орон сууцны чанартай төсөл гэдгээрээ хэдийн танил болжээ. Тэгвэл уг төслийг хэрэгжүүлсэн “Moncon Construction” компани ээлжит төслийн ажилдаа ханцуй шамлан орсон байна. Шинэ төслийн нэрийг “Mandala Tower” гэдэг. Анхны “амьсгалдаг” орон сууц гэх тодотголтой тансаг зэрэглэлийн орон сууцны төслийн талаар “Moncon Construction” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батбаяртай цөөн хором ярилцлаа. 

 

MANDALA TOWER ТӨСЛИЙГ БҮТЭЭЛ БОЛГОХООР ЗОРЬСОН

- Нийслэл хотын өнгө төрхөд үзэмж нэмсэн, архитектурын өвөрмөц шийдэлтэй барилга барихаар ажиллаж байгаа юм байна. Энэ барилга магадгүй хувь хүн талаасаа таны эсвэл удирдаж буй компанийн тань нэрээр овоглогдох байх. Тэгэхээр барилгачин хүний хувьд мөрөөдөлдөө хүрэхэд нэг шат ойртож байна гэж хэлж болох уу? 

- Хувь хүний нэрээр “Mandala Tower” төсөл овоглогдохгүй гэж бодож байна. Харин компанийн нэр гарна. Зураг төсөл болон бусад зүйлээрээ манай төсөл бүтээл болох тал давамгайлсан. 

Барилгын инженер хүний хувьд би тэгш өнцөгт байшинд дуртай. Гэхдээ дахин давтагдашгүй байдлыг гаргахыг зорьсон учраас архитектур, дизайнеруудын шийдэл түлхүү орсон. Төслийн анхны архитектурын шийдэл дээр “Mondreem”  болон ЭГЭ  компаниуд хамтран ажилласан. Үндсэн барилга бүтээцийн даацны элементийн төлөвлөлт дээр “Тулга Проект” компани тайваны компанитай хамтарч ажилласан. Ер нь бол зураг төслийн ажил дээр гадаад болон дотоодын компаниуд хоршин ажиллаж инжнерийн шийдлүүдийг бий болгосон.

- Том төсөл хэрэгжүүлэх үед шийдэх ёстой олон асуудал гарч ирдэг байх. “Mandala Tower” төслийн хувьд ямар асуудал түлхүү гарч, та бүхэн яаж шийдэж байгаа вэ? 

- Өндөр байшин барихад суурь нь тодорхой түвшний гүнд сууж өгсөн байх шаардлагатай байдаг. Үүнээс улбаалаад хөрсний ус нь өөрөө асуудал дагуулж эхэлдэг. Бид энэ төслийн суурь болон зоорийн давхрыг  хөрсний уснаас хамгаалахын тулд нэлээн цаг гарган  чухалчлан судалж хамгийн зөв шийдлийг олж хийсэн гэж үзэж байгаа. Мөн газар шорооны ажлын үед эрэг нурах эрсдэлээс хамгаалах ажилд тодорхой хөрөнгө зарж, аюулгүй байдлаар тухайн хөрсний нөхцөлд тохируулан шинэлэг аргаар шийдэж, сүүлийн үеийн дэвшилтэд  технологи болох усанд бэхждэг бетоноор суурийг цутгаж хийсэн. Үүний үр дүнд “Mandala Tower” төслийн суурь, зоорийг хөрсний уснаас хамгаалах шийдэлд Монголын барилгын инженерийн холбооноос 2018 оны Инженерийн шилдэг шийдэл гэдэг шагнал өгсөн.. 

- Шагналын тухай яриа дэлгэсэн үедээ асуухад өнгөрсөн онд Property Guru Asia Group-ээс “Moncon Construction” компанид шагнал өгсөн шүү дээ. Ямар шагнал авсан бэ? 

-“Mandala” хотхон нь Best condo developer төрлөөр шалгарч Азийн нэр хүндтэй шагналыг авсан юм. 

-Баяр хүргэе.  “Moncon Construction” компанид 130 гаруй инженер ажилладаг гэж сонссон юм байна. Олон инженер ажилладаг учраас барилга барихдаа инженерийн шийдэл түлхүү хайдаг гэсэн үг үү?

-Тэгэж ойлгож болно. Бид сүүлийн хэдэн жил олон газар төрөл бүрийн хэд хэдэн төсөл нэгэн зэрэг хэрэгжүүлж байгаа учир олон инжнер ажиллах шаардлага үүсдэг. Удирдлагын багт инженер мэргэжилтэй хүмүүс олон ажилладаг. Тиймээс инженерийн сайн шийдлийг хэрэгжүүлж буй бүх төсөл дээрээ байнга эрэлхийлж, инженерүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэхэд байнга анхаардаг. 

-Нуулгүй хэлэхэд өнгөрсөн зун хөрсний усны асуудалд олон барилга орсон шүү дээ. Энэ нь та бүхний ажилд нөлөөлж, суурийн системийн ажилд анхаарлаа төвлөрүүлсэн үү? 

-Хөрсний усыг байнга зайлуулах ёстой гэж зарим хүн ярьдаг. Тэгэхээр усны шахуурга байнга ажиллах хэрэгтэй болно гэсэн үг. Манай төслийн хувьд усны шахуургаар байнга ус зайлуулахгүйгээр олон асуудал шийдсэн давуу талтай. Ер нь байнга ус шавхах нь зөв эсэх нь ч эргэлзээтэй шүү дээ. Их сайн шийдэл болсон гэж бодож байгаа. 

Энэ бүх шийдлийг гэхдээ бид шууд өөрсдөө олоогүй. Эргэн тойрны төслүүдийн эрсдэлийг харж, алдаа мадгийг засаж сайжруулах замаар хийж байна.

 -Өмнөх төслүүдээсээ сургамж авсан гэсэн үг үү? 

- Бид энэ төрлийн дотоодын болон гадны улсад баригдсан, баригдаж байгаа маш олон төслүүдээр тойрч харьцуулан судалж давуу сул талуудыг ойлгож мэдэж авсан. Хамгийн гол нь өөрийн орныхоо энэ эрс тэрс уур амьсгалд тохирсон бараа материал бүтээгдэхүүнийг олж хийх нь чухал байдаг.  

Төслөөс төсөлд барилга угсралтын процессийн үед гардаг алдаа дутагдалуудыг яаж багасгаж, сайжруулалт хэрхэн хийх вэ гэдэг талаас нь харж бид байнга л ухаанаа уралдуулж байдаг.  Зөвхөн фасадны шийдэлд гэхэд гаднын орнуудаас шийдэл судалж байна. Жишээ нь, ОХУ, Беларусд хэрхэн шийдэж байгааг очиж үзсэн. Учир нь хүйтнээрээ манайхтай төстэй шүү дээ. Мөн Казахастан, Хятад, Солонгос, Япон зэрэг улсуудаар инжнерүүдийн хамтаар явж шилэн фасадыг судалсан. Эдгээр орнуудад “Mandala Tower”-тай төстэй байшин зөндөө бий. Гэхдээ Монголын нөхцөлд яаж буух вэ гэдэг нь чухал асуулт болж хувирдаг. Судалгаа сайн хийж, шийдлүүдээ гаргаж байгаа. Манайд оносон болоод алдсан шийдэл аль аль нь бий байх. Аль болох алдаа багатай дараа нь орон сууц худалдан авагч нарт хохирол учруулахгүй шийдэх тал дээр анхаарлаа их хандуулж байна. 

-Төслийн хөрөнгө оруулалтаа хэрхэн босгож байна вэ? 

-Ерөнхийдөө тодорхой хэмжээний хөрөнгийг өөрсдийн зүгээс оруулж байгаа бөгөөд хамтран ажилладаг гадна дотны хөрөнгө оруулагч нар  байгаа. Мөн нэмэлт хөрөнгө татах тал дээр хөрөнгө оруулагч нартай уулзалтууд хийж байна. 

-Монголын барилгын салбарын хөрөнгө оруулалтын орчин ямар байна гэж та хардаг вэ? 

-Гаднаас хөрөнгө оруулалт татах арга, аргачлал зөндөө байдаг юм билээ.  Юуны өмнө манайх улс төрийн тогтворгүй байдаг учир хөрөнгө оруулагч нарын зүгээс эрсдэл өндөртэй орон гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гаднаас ерөнхийдөө хөрөнгө оруулалтыг валютаар татдаг учир ханшийн зөрүүгийн алдагдал хүндээр тусдаг.

 -Та ханшийн эрсдэлээс алдсан тохиолдол их байдаг уу? 

-Ерөнхийд нь аваад үзэхэд барилгын голлох материлыг импортоор авдаг. Үүн дээр нэмээд төслийн хөрөнгө оруулалтыг валютаар авах  нь биднийг байнга харшийн эрсдэлтэй тулгадаг. Ханшийн эрсдэлд орж төсөөлж тооцсоноос илүү алдагдалтай дууссан төслүүд бидэнд байдаг.  Ханшийн эрсдэл мөн барилгын өртөгт нөлөөлж байгааг дурдах хэрэгтэй. 

-Яаж тэр вэ? 

-Орон сууцны борлуулалтын үнэ нийлүүлэлтээс хамаараад сүүлийн жилүүдэд төдийлөн өсөөгүй. Гэтэл барилгын өртөг тасралтгүй өсөж байна. Үүнд ханшийн өөрчлөлт нөлөөлдөг. Хоёрдугаарт, БНХАУ-ын дотоод бодлогоос шалтгаалж гангийн үнэ өсөхөөс эхлээд материалын үнэ нэмэгдэж байна. 

-“Moncon Construction” компанийн алсын харааг юу гэж тодорхойлж байгаа вэ? 

 -Манайх  барилгын төсөл хийдэг, харьцангуй залуу компани. Барилгын инженер  болон мэргэжилтэн ажилтан олонтой. Инжнерийн төвөгтэй шийдэл хайсан барилга байгууламж, дэд бүтэцийн томоохон төслүүдэд оролцож ажиллах, хэрэгжүүлэх салбарынхаа хөгжилд хувь нэмэрээ оруулах, шинэ технологийг эрэлхийлэх, амьдарч буй хотдоо шинэ өнгө төрх нэмэх зэрэгээр нийгмийн хөгжилд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд хувь нэмэрээ оруулж ажиллах үндсэн зарчмыг барьж ажиллана. 

АРМАТУР БОЛОН БЕТОНООС ХЭМНЭЛТ ХИЙЖ БОЛОХГҮЙ

-Барилгын чанар тухайн төслийг хэрэгжүүлэгч компанийн захирлаас их хамаардаг гэж хүмүүс ярьдаг юм билээ. Та энэ яриатай санал нийлэх үү? 

- Эдийн засагч, маркетингийн мэргэжилтэй хүмүүс барилга барьж байгаа нь анзаарагддаг. Өөрийн эзэмшсэн мэдлэг мэргэжилээс шалтгаалж янз бүрийн байдлаар шийдвэр гаргадаг болов уу. 

Манай компанийн хувьд инженерүүд олонтой болоод ч тэр үү, чанарын аюулгүй байдалыг дэмжсэн шийдвэр түлхүү гаргадаг. 

-Газар хөдлөлтөд тэсвэртэй байшин барих инженерийн шийдэл байдаг уу?

-Шийдэл гэхээсээ илүү инженерийн толгойд оюутан байхад нь суулгаж өгөх ёстой хэд хэдэн зарчим бий. Хямдхан хэмнэлттэй барилга барьж болно л доо. Гэхдээ бат бэхийг голлон хангадаг хүний амь настай шууд хамааралтай болж ирдэг барилын үндсэн материал болох  даацын элементийг бүрдүүлдэг арматур болон бетоноос хэмнэлт хийж болохгүй. Энд л хяналтаа илүү сайн тавих хэрэгтэй. Газар хөдлөлтөнд тэсвэртэй барилга барих олон шалгуур бий. Гарал үүсэл нь тодорхой материалаар барилгаа барьсанаар анхан шатны чанарын шаардлагыг хангах нөхцлийг бүрдэнэ.

-Барилгын өртгийн талаарх яриа энд дурдагдах ёстой байх. Үнэ өсөхгүй байхад чанартай материал сонгох боломж бий юү? 

-Тухайн компанийн удирдлага хэрхэн шийдвэр гаргахаас хамаарах байх. Манай компанийн хувьд үнэний өсөлтөөс үл хамаараад арматур, бетон хоёрыг найдвартай газраас авахыг эрмэлздэг.  Жишээ нь, “Улаанбаатар менежмент” компанийн арматурыг хэрэглэдэг. Мөн “Премиум Конкрит” компаниас бетоноо авч байна.    

-Зах зээлд дээрх хоёр компанийн бүтээгдэхүүн үнэтэй байдаг гэсэн үг үү? 

-Зах зээлд хямд арматур, бетон зөндөө байдаг юм. Гарал үүсэл нь тодорхойгүй, чанарын бааталгаагүй, стандартын шаардлага хангагаагүй материал бид төсөлдөө хэрэглэдэггүй. Жишээ нь, бетоныг зах зээлийн өртөгөөс хямд авч болно. Энэ нь  нөгөө талдаа цементийн орцыг бууруулах байдлаар чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл бий.

-Чанартай барилга барихад өөр анхаарах зүйл байдаг уу? 

-Сайн барилга гэдэг бол сайн зураг төсөл боловсруулахаас эхэлдэг. Сайн зураг төслийн ард олон төрлийн инженер техникийн баг ажиллаж оюуны бүтээл бий болгоход их хугацааг зарцуулдаг. Зураг төсөл боловсруулах шатанд зөв шийдэл гаргаж ажилласанаар, барилга угсралтын явц дахь зардлаа ч бууруулах боломжтой. Зураг төсөл дээр туршлагтай сайн инжнерийн баг ажиллаж, чанартай материал ашиглаж, талбай дээр тенологийн дагуу хийж, хянах гэсэн дарааллаар л ажиллах хэрэгтэй. Мэргэжлийнхэнд ажлыг нь даатгах хэрэгтэй.

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: