Ц.Эрдэнэбат: Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөх нь менежмент хийдэг компанийн гол зорилго

3-р сар. 5, 2019, 3:58 p.m.

ASEM Village, Bella Vista зэрэг орчин цагийн Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл дахь хамгийн өндөр зэрэглэлийн орон сууцны оршин суугчдын тав тухыг хангах ажлыг бие даан хийдгээрээ “М Си Эс Эстэйтс” компани салбартаа хэдийнэ танил болжээ. Тус компани “Property Investment Ulaanbaatar 2019” хөрөнгө оруулалтын уулзалтын үеэр Bella Vista 800 төслөө танилцуулсан юм. 

“М Си Эс Эстэйтс” компанийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ц.Эрдэнэбаттай цөөн хором ярилцлаа. 

- Та компанийн үндсэн үйл ажиллагааны тухай товч танилцуулаач?

-Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд менежментийн цогц үйлчилгээг “М Си Эс Эстэйтс” компани 2011 оноос хойш үзүүлж байна. Салбартаа анхдагч компани гэж хэлж болно. Манай салбарын тухай хүмүүсийн ойлголт одооноос тунгалаг болж байгаа юм болов уу гэж боддог.

Одоогоос хэдэн жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийн салбарыг барилгын салбараас ялгаж ойлгодоггүй байлаа. Учир нь барилгын компаниуд бүтцийг хувьд өөрсдөө байшингаа барьж, борлуулалтаа хийж, ашиглалтаа хариуцдаг байсан. Тэгэхээр барилгын салбарт хамааруулж ойлгодог байсан хэрэг. Статистикийн мэдээлэлд ч үл хөдлөх хөрөнгийн салбарын тоон мэдээлэл гардаггүй байсан. Сүүлийн жилүүдэд харин дэвшилт гарч, статистикийн мэдээллийг ялгаж байна. 

Үнэндээ барилга барих нэг хэрэг. Барьсны дараа мөнөөх барилгыг эдийн засгийн үр өгөөжтэй ашиглах, борлуулах, ашиглалтдаа менежмент хийнэ гэдэг тусдаа салбар болж хувирсан шүү. Барилгаа цогцолбор маягаар ерөнхий төлөвлөгөөг нь гаргаж бариад, иж бүрэн борлуулалтаа хийснийхээ дараа менежмент, засвар үйлчилгээ хийдэг. Үл хөдлөхөө торддог компаниудыг үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж байна гэж хэлж болно. 

-Үл хөдлөх хөрөнгийн менежмент хийснээр ямар үр ашигтай вэ? 

Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь нэг талаас хөрөнгө оруулалт юм. Хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлж, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг менежмент хийж буй компани өсгөж чадвал үүнийг амжилт гэж нэрлэж болно. Тухайн хамт олон өөрсдөөрөө бахархах хэрэгтэй. 

- Property Investment Ulaanbaatar 2019 арга хэмжээний үр дүнг та юу гэж харж байна вэ? 

Property Investment Ulaanbaatar 2019 арга хэмжээтэй төстэй арга хэмжээ нэлээн  дутагдаж байгаа нь анзаарагддаг байсан. Манай компанийн хувьд гаднын үл хөдлөх хөрөнгийн үзэсгэлэнд тодорхой төслүүдээрээ оролцож явсан туршлагатай. Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн төслүүдийг арилжааны банкууд санхүүжүүлэхэд шаардлага өндөр тавигддаг. Мөн хүүгийн түвшин өндөр. Энэ нь эргээд төслийн маржинд том нөлөө үзүүлдэг. Цаашдаа үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалтыг хямд эх үүсвэртэйгээр татах нь хөгжлийн чухал илэрхийлэл болж байна. 

Манай компанийн хувьд энэ уулзалтад Bella Vista 800 төслөө танилцууллаа. Мөн үзэсгэлэнгийн талбайгаа жишиг болгохоор ажилласан. Гаднын оронд болдог үзэсгэлэнгийн хэв маяг өөрчлөгдөж байгааг салбарынхан анзаарсан байх. Дэлхий ертөнц дижитал болохын хэрээр хэвлэмэл материал тараахаа больсон байна. Энэ нь нэг талаас байгаль орчинд ээлтэй болж хувирсан. 

Манай үзэсгэлэнгийн талбайд ирсэн зочид утсаараа QR code уншуулж, манай мэдээллийг татаж авах боломжтой. Төслийн мэдээлэл болон борлуулалтын ажилтантай хэрхэн холбогдох мэдээллийг эндээс авч болно. Мөн үл хөдлөх хөрөнгийн чиглэлд загварын байр үзүүлэх гэдэг ойлголт бас нэг өөр хэв маягтай болж байна. 

-Ямар хэв маягтай болж байгаа вэ? 

-Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж алхахын тулд бид Bella Vista төслийн танилцуулгыг VR технологийг ашиглан хийж байна. 

-Та үл хөдлөх хөрөнгийн салбарт цөөнгүй жил ажилласан туршлагатай хүний хувьд төслийн борлуулалтын тухай ямар бодолтой явдаг вэ. Худалдан авагчдын зан төлөвт өөрчлөлт орж байна уу?  

-Хэрэглэгчийн зан төлөв өөрчлөгдөж байгаа гэж хэлж болно. Даяарчлагдаж буй нийгэмд амьдарч буй хүмүүсийн хэрэглээ, шаардлага өөрчлөгдөж байна. 

Сүүлийн үед худалдан авагчид хэрэглээндээ таарсан ам метртэй, ухаалаг төлөвлөлттэй, талбайн ашиглалт сайтай орон сууцыг сонирхох болжээ. Хоёрдугаарт, үнэ ханш ч чухал хэвээр байна. Гуравдугаарт, байр худалдаж авсны дараах СӨХ-ны буюу худалдан авсны дараах менежментийн үйлчилгээнд анхаарал хандуулдаг болсон байна. Төсөл хэрэгжүүлэгчийн хувьд борлуулалтын дараах үйлчилгээ маш том давуу тал болдог болсон. 

Өмнө нь барилгын компани байр барьчихаад оршин суугчдын дунд СӨХ байгуулж өгөөд тухайн төслөөс гардаг байлаа. Эвдрэл гарвал хэн хариуцаж, засах вэ, санхүүжилтийг хэрхэн хийх вэ, өнгө будгаа яаж тордох вэ гэх мэт асуудал хариултгүй байлаа. Үүнтэй холбоотойгоор сүүлийн үед баригдсан барилгууд хэдхэн жилийн дотор навсайчихдаг болсон. Худалдан авагчид ч үүнд их гомдолтой байдаг. Үүнийг дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ зах зээлд буурдаг.

Тэгвэл сүүлийн үед худалдан авагчид дээр дурдсан зүйлсийг их анхаардаг болсон байна. Үл хөдлөх хөрөнгө худалдан авч, хөрөнгө оруулалт хийж буйгаа мэддэг болжээ. Тиймээс ч хөрөнгө оруулалтаа хэрхэн өсгөх вэ гэдгийг бодолцон үзэж байр сонгох болсон нь ажиглагдаж байна. 

-Та дээр технологийн дэвшлийн тухай дурдсан шүү дээ. Энэ талаар тодруулаач? 

-Технологийн дэвшлийг дагаад үл хөдлөх хөрөнгө борлуулж, хүмүүст хүргэдэг арга өөрчлөгдөж байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт платформын бизнес хэрхэн хэрэгжиж байгаа болон олон улсын жишиг ямар байгаа талаарх илтгэлийг сая сонссн. Монголд платформын бизнесийг хэрэгжүүлэх эхний старт ап компани гарч ирж байгаа юм байна. Платформ бол борлуулалтын багийнхны хувьд маш том давуу тал. Платформд байршсанаар цаг хугацаа, орон зайг хэмнэж, олон хүнд хүрнэ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нэвтрэх ёстой технологи нутагшиж байгаа нь салбарын цаашдын хөгжилд сайнаар нөлөөлөх байх гэж бодож байна. 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: