Ө.Хосбаяр: Брэнд бүтээгдэхүүний ард нэр биш чанар явдаг

3-р сар. 4, 2019, 12:31 p.m.

“Хямралын үеэр нэг бол хямд бүтээгдэхүүн эсвэл өндөр үнэтэй, чанартай бүтээгдэхүүн тэсэж үлддэг” гэж Ө.Хосбаяр ярьж байна. Учир нь түүний гар бие оролцон босгож буй “Deautsche Welle” компани 2014 онд үүсгэн байгуулагдсан гэнэ. Эдийн засаг ид хумигдсан үед 70 сая төгрөгийн активтайгаар үйл ажиллагаа эхлүүлсэн тус компанийн хөрөнгө өдгөө 20 гаруй тэрбум төгрөг болж өссөний нууц нь чанартай бүтээгдэхүүн борлуулдагт оршдог гэж тэр бардам ярьсан юм. Чанартай бүтээгдэхүүн гэдэгт харин сангийн тоноглолын “Kohler” брэнд багтдаг. Ингээд “Deutsche Welle” компанийн Ерөнхий захирал Ө.Хосбаярын яриаг хүргэе.  

-“Deutsche Welle” компанийг “Kohler” брэндийг оруулж ирдэг гэдгээр хүмүүс эчнээ таньдаг байх. Энэхүү брэндийг хэзээнээс зах зээлд нийлүүлж эхэлсэн бэ? 

-Манайх хоёр дахь жилдээ “Kohler” брэндийг Монголд оруулж ирж байна. Манай компанийн хувьд шинэ бүтээгдэхүүний тоонд ордог. Азийн зах зээлд нэгэнт танигдсан, загвар дизайны өвөрмөц шийдэлтэй брэнд.   

-Азийн зах зээлд танигдсан брэнд гэж та “Kohler” брэндийг онцоллоо. Энэ талаар тодруулаач? 

-“Kohler” бол Америкийн брэнд. Америкт анхны ширмэн ванныг 1873 онд хийсэн компани эл брэндийг бий болгож, улмаар сангийн тоноглолуудыг төгөлдөржүүлсэн байдаг. 

Манай компанийн хувьд Германаас барилгын материалын бусад бүтээгдэхүүн оруулж ирдэг. Бидний хувьд Германаас сангийн тоноглол оруулж ирэхээр судалж үзсэн. Хэтэрхий өндөр үнэтэй тусах юм билээ. 

Харин Америкийн “Kohler” нь Азийн зах зээлд хамгийн их танигдсан, чанар чансаагаар ч тэргүүлдэг брэнд юм. Тиймээс бид Монголдоо оруулж ирж байна. Мэдээж “Kohler”-тэй ижил чанартай сангийн тоноглолууд манай зах зээлд бий. Тухайлбал, Японы TOTO брэндийг нэрлэх ёстой. Бидний оруулж ирдэг “Kohler” брэндийн хувьд TOTO-гоос дизайнаараа шууд ялгардаг. Зах зээлд зарагдаж буй бусад бүтээгдэхүүнтэй харин манай бүтээгдэхүүнийг харьцуулах хэрэггүй. 

Сонирхуулж хэлэхэд, саяхан Шанхайд сангийн тоноглолын хамгийн том үзэсгэлэн гарсан юм. Энэ үеэр “Kohler”, TOTO хоёр бусад брэндээс эрс ялгарч байна лээ. Энэ үзэсгэлэнд 200 гаруй Хятадын компани бүтээгдэхүүнээ танилцуулсан ч дээрх хоёр брэндийг гүйцэх газар үнэхээр байгаагүй. Чанарын хувьд эрс ондоо. Гаднаас харахад адилхан хэрнээ хямд бүтээгдэхүүн бариад үзэхэд л андашгүй. Шүршүүрийн толгой гэхэд цаас шиг хөнгөн байсан шүү. 

Тэгэхээр хямдхан бүтээгдэхүүн байлаа гээд хожихгүй. Жилийн дараа солих хэрэгтэй болдог. 

-Байр авахаар сонирхож буй хүмүүс сангийн тоноглолыг сайтар шинжих нь чухал гэдгийг мэддэг. Гэхдээ тоноглолын чанарыг хэрхэн мэдэх талаар төдийлөн сайн мэдэхгүй байх?  

-Тухайн барилгын төсөл хаанаас орж ирсэн, ямар брэндийн бүтээгдэхүүн ашигласныг асуух нь хамгийн амархан бөгөөд чухал арга. Сангийн тоноглолыг гаднаас нь хараад чанартай эсэхийг хэлэхэд хэцүү шүү дээ. Зөвхөн хэрэглээнд мэдрэгддэг онцлогтой. Тэгэхээр ашиглалтын явц нь олонд танигдсан брэнд байх нь чухал. Тодорхой брэндийн ард нэр биш чанар явдаг. 

Жишээ нь, “Kohler”-ийн шүршүүр усыг агаартай холиод усны дуслыг илүү том байхаар тооцож гоождог. Ингэхээр даралттай, их усанд орж байгаа мэт мэдрэмж төрдөг ч үнэндээ бага ус ашиглаж байдаг. Технологийн дэвшлийг өөртөө шингээхийн зэрэгцээ чанартай байх нь чухал шүү дээ. Чанартай брэнд бүтээгдэхүүн гэхээр хүмүүс үнэтэй байхвий гэж бодож магадгүй. Манай компани гэхэд л аль болох бага үнээр олон тооны бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой байдаг. 

- “Kohler” брэндэд та хэдэн жилийн баталгаа өгөх вэ? 

- Стандартаараа гурван жилийн баталгаатай. Харин  “Kohler” брэндийн шаазан бүтээгдэхүүн 25 жилийн баталгаатай байдаг. 

- Орчин цагийн тоноглолын чиг хандлага хаашаа чиглэж байгаа вэ? 

- Дэлхий даяар орчин үеийн, минимал чиг хандлагаар сангийн тоноглол бүтээж байна. Манайхан ч энэ чиглэлд сангийн тоноглол сонирхож байгаа шүү. Өмнө нь сонгодог загварыг их таашаадаг байсан. Эрвийж дэрвийсэн, тансаг, хааны орон дээр унтаад л. Гэхдээ тухгүй. Одоо бол хэрэглээний түвшинд, тухтай зүйлийг сонгох болжээ. 

- Property Investment Ulaanbaatar 2019 уулзалтад “Deutche Welle” компани ивээн тэтгэгчээр оролцож байна. Монголын барилгын салбарын хөрөнгө оруулалтын орчны талаар та ямар бодолтой явдаг вэ? 

- Ажил хийж чаддаг Монгол компанийг олох нь гаднын хөрөнгө оруулагчдад хэцүү юм шиг санагддаг. Хэрвээ зөв гүйцэтгэгчээ олбол Монголоос олох өгөөж өндөр шүү дээ. Гэхдээ өгөөж өндөр байхтай зэрэгцээд эрсдэл ч өндөр байх нь ойлгомжтой. Банкны хүүгээр бодоход л Монголд бизнесийн маржин өндөр байх хүлээлттэй байдаг. 

Төсөл хэрэгжүүлэгч нь  анхнаасаа зөв төлөвлөлт хийж чадвал өндөр ашигтай ажиллах боломжтой. Манайхан хэрэггүй юманд хэмнэлт хийж, яг зөв зүйлдээ хөрөнгө оруулж чадаагүйгээсээ болоод маш их мөнгө алддаг. 

-Жишээ нь яг юунд хий дэмий мөнгө зарцуулдаг вэ? 

-Манайхан зураг төслийн мөнгийг маш их хэмнэдэг. Тэгтэл барилга барихад хамгийн чухал зүйл бол зураг төсөл. Анхнаасаа бизнесээ зөв тодорхойлж, зураг төслөө зөв гаргасан бол амжилттай явна. Барилгын компаниудад хамгийн их ажиглагддаг нийтлэг алдаа нь зураг төсөлгүйгээс болж барьсан байшингаа буцааж нураадаг, дахиж өрдөг. Ингээд маш их цаг хугацаа алдаж байна. Сайн төлөвлөлтөд цаг гаргаж, төлбөр төлөх хэрэгтэй. Манайхан зургийн ажлыг үнэлдэггүй, энд мөнгө төсөвлөдөггүй. 

Хоёрдугаарт, цаг хугацааны төлөвлөлтөд мөнгөө хий дэмий алдаж байна. Бүхэл бүтэн барилга барьж байж гэнэтхэн л сангийн тоноглол хэрэг болж байгааг ухаардаг. Манай үйл ажиллагаагаар жишээ татаад ярихад агуулахаас бэлэн бүтээгдэхүүн худалдаж авах үнийн санал үйлдвэрлэгчээс захиалж авахаас өөр байна шүү дээ. Бэлэн бүтээгдэхүүн Монголд авчраад, агуулахад байршуулж, ажилчид, өдөр тутмын зардлуудаа оруулж зарж байгаа үнэ өндөр байх нь ойлгомжтой. Харин эртнээс цаг хугацаагаа зөв төлөвлөж, үйлдвэр рүү захиалга хийхэд хямд тусна. Бид зуучлалын ажлын маш бага хувийн шимтгэл л авна. Тэгэхээр зөв зохион байгуулалттай ажиллах нь юу юунаас илүү чухал байгаа биз. Юу ч гэсэн эхлүүлдэг төсөл л маш их мөнгө иддэг. Харамч хүн гурав дахин их төлдөг гэдэг үгийг ойлгоосой гэж хүсдэг дээ. 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: