Б.Мөнхбадрах: Эргэн төлөлт сайтай барилгын компанийн жилийн хүүд хөнгөлөлт үзүүлэх талаарх судалгаа хийж байна

3-р сар. 4, 2019, 12:24 p.m.

ХААН Банкны Байгууллагын банкны газрын захирал Б.Мөнхбадрахтай ярилцлаа. 

-Арилжааны банкуудаас барилгын компаниудад өгсөн чанаргүй зээлийн хэмжээ 10 хувьд хүрсэн гэж эдийн засагч Д.Жаргалсайхан хэллээ. ХААН Банкны хувьд нөхцөл байдал ямар байгаа вэ? 

Эдийн засагч Д.Жаргалсайханы хэлсэн тоог нягталж үзэх хэрэгтэй болов уу. Системийн хэмжээнд барилгын салбарт өгсөн чанаргүй зээлийн хэмжээ 10 хувьд хүрлээ гэдэг бол маш том тоо шүү дээ. Активын чанарын үнэлгээний шалгалтаар орсны хувьд ч манай банканд ямар нэг асуудал гараагүй. 

Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдал таагүй байлаа. Үүнтэй холбоотойгоор манай банк бизнесийн зээлийг идэвхижүүлээгүй. Тодорхой шалгуурт нийцсэн төсөлд зээл олгосон учраас чанаргүй зээлийн хэмжээ бага байгаа. 

-Арилжааны банкнаас зээл авахын тулд барилгын компаниуд юунд анхаарах хэрэгтэй вэ?

- Хамгийн гол нь найдвартай байх хэрэгтэй. Манай барилгын компаниуд зээл авчихаад эргэн төлөлт хийх мөнгөөрөө дараагийн төслөө санхүүжүүлдэг нийтлэг алдаатай. Жишээ нь, 3-4 байшин барих төслийнхөө хоёрыг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкнаас авдаг. Ингээд барилга барьж дуусах дөхөхөд борлуулалтаас олсон орлогоо эргэн төлөлтөд өгдөггүй. Дараагийн төслөө санхүүжүүлдэг. Гэтэл банк хоёр байшин босгох зээл олгосон шүү дээ. Үр дүнд нь эргэн төлөлт цаг хугацаандаа хийгддэггүй. Ингээд тухайн зээл чанаргүй гэх ангилалд багтаж эхэлдэг. Мөнөөх компани арилжааны банкнаас дахиж зээл авахад ч хэцүү болж хувирдаг. 

Ерөөс барилгын компаниуд тооцоо, төлөвлөлтөө цаг хугацаатай маш сайн уялдуулах хэрэгтэй. 

-Энэ жил ХААН Банк барилгын компаниудад хэр их зээл өгөх вэ? 

-ХААН Банк барилгын компаниудад зээл өгнө. Барилга гэхээр зөвхөн орон сууц гэж ойлгож болохгүй. Арилжаа болон оффис үйлчилгээний гэх мэтээр ангилж болно. Мөн дэд бүтцийн буюу зам гүүрийн төслүүдэд санхүүжилт хийх боломжтой. Дашрамд хэлэхэд, эргэн төлөлтөө цаг хугацаанд нь хийдэг хариуцлагатай компаниудын жилийн хүүд хөнгөлөлт үзүүлэх боломжтой эсэх талаар судалгаа хийж байгаа. 

 

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: