Industry Leader | А.Ганхуяг: Ямар ч ажил хийсэн хаана очиж дуусахыг нь бодох хэрэгтэй

8-р сар. 14, 2019, 7:21 p.m.

MCS группийн дэд ерөнхийлөгчийн албыг 27 настай “хүүхэд” байхдаа хүлээж авсан түүнийг бизнесийн хүрээнийхэн Гангар гэх нэрээр нь сайн мэднэ. Ажилтны ширээнээс Монголын хамгийн нөлөө бүхий компанийн удирдлагын түвшинд дэвшин ажилласан Адилбишийн Ганхуяг өдгөө өөрийн үүсгэн байгуулсан “Premium Group”-ийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байна.

Хариуцаж, хэрэгжүүлсэн ажлуудынхаа цар хүрээгээр тэр бизнесийн ертөнцөд хэдийнэ өөрийн нэр, чадлыг дархалж чадсан. Хүүхдийн живхийг нийтээрээ “памперс” гэж нэрлэж занштал нь Монголын зах зээлд борлуулж чадсан Анунгоогоос эхлээд Юнител, MCS Coca-Cola зэрэг компанийн ТУЗ-ийн дарга хийж явжээ.

- Таныг хүмүүс ихэвчлэн Гангар захирал гэж ярих юм. Энэ нэрийг хэн өгсөн бэ. Хоч уу?

- Манай эмээ намайг багад Гангар гэж дууддаг байлаа. Эмээ намайг багад усанд оруулж байхыг харсан аав “Та ямар ширүүн угаадаг юм бэ” гэж хэлж. Гэтэл эмээ “Ямар гангар шаазан угааж байгаа биш, хагарчихгүй байх” гээд их шоолсон гэсэн. Үүнээс хойш гэр бүл, ойр дотнын хүмүүс намайг Гангар гэж дуудах болсон. Хүүхэд насны нэр юм.

- Хүн бүрт хүүхэд насны нэр байдаг шүү дээ. Гэхдээ гэрт үлдэх нь элбэг. Таны Гангар гэх нэр ажлын талбарт тархжээ. Та ер нь дунд сургуулиа хаана дүүргэсэн бэ?

- Би Баянзүрх дүүргийн 97-р сургуулийг 1994 онд төгссөн. Ингээд МУИС-д таван жил сурсан. Үнэндээ манай сургуулийг дөрвөн жилээр төгсдөг. Оюутан байхдаа нэг жилийн чөлөө авч, Сингапурын компьютер, эд ангийн худалдааны компанид ажилласан юм.

- Та тэгэхээр мэдээллийн технологийн чиглэлээр суралцсан хэрэг үү?

- Үгүй. Би санхүүч, эдийн засагч мэргэжилтэй.

- Ингэхэд хэзээ MCS группт ажиллаж эхэлсэн юм бэ? 

- Д.Энхтүвшин(Шарк) МУИС-д манай дээд ангид сурдаг байлаа. Бид оюутан цагийн найзууд. Мань хүн надаас өмнө MCS группт ажилд орчихсон байв. Тэр надад ажлын санал тавьсан юм. Ингээд би Ж.Оджаргал захиралтай ярилцлагад орж, мэргэжлээрээ ажилд орсон. Д.Энхтүвшин бид хоёр багын найзууд учраас намайг Гангар гэж дууддаг. Ингээд л Гангар гэж ажил дээр ч дууддаг болсон байх. 

- Таны тухай мэдээлэл интернетэд нэг их байдаггүй юм билээ. MCS группээс ажлын гараагаа эхлүүлснийг илтгэх товч анкет харагдсан. Ажилтны ширээнээс Монголын хамгийн том групп компанийн удирдах албанд дэвшсэн учраас хүмүүс таныг гарцаагүй сонирхож, амжилтын нууцыг мэдэх юмсан гэж боддог. Тэгэхээр MCS группт ажилласан жилүүд, эндээс хураасан туршлагаа хуваалцаач?

- Зөв газарт зөв цагтаа байж дээ гэж одоо боддог юм. Аз түшсэн гэх үү дээ. 1999 онд намайг MCS группт ажилд ороход түлхэц болсон зүйл нь англи хэл. Өмнө нь Сингапурын компанид ажилласан туршлагатай учраас бизнесийн төвшний англи хэлтэй гэж хэлж болохуйц байсан. Ер нь Сингапур компанид ажиллах болсон шалтгаан ч энэ. Тухайн үед англи хэлтэй хүн цөөн байлаа шүү дээ.

- Сингапур компани нь Монголд үйл ажиллагаа явуулдаг байсан уу?

- Тийм. Монголд үйл ажиллагаа явуулж эхлэхэд хамтарч ажилласан. Би одоо хүртэл эл компанийг үүсгэн байгуулсан сингапур хүнтэй дотно нөхөрлөдөг. Тус компанид ажиллах хугацаанд миний англи хэл огцом сайжирсан. Өдөр тутам бизнесийн төвшинд англиар харилцах гэдэг их чухал. Мөн компьютер задалж, угсарч үзсэн байлаа. Тухайн үед барууны талын ойлголттой гэдэг нь илүү боломж бий болгосон болов уу.

Мөн надад ирсэн боломжийг ашиглаж нэлээн ажилласан. Миний нэг баримталдаг зарчим бий. Ямар ч ажлыг хийхдээ хаана очиж дуусахыг нь юун түрүүнд ойлгохыг оролддог. Утга учиргүй ажил хийдэггүй.

Тиймээс ч MCS группт ороод ажил хаана очиж дуусахыг бодсон. Санхүүгийн шинжээч хүний хувьд нэн тэргүүнд хийх учиртай зүйл нь санхүүгийн тайлан, тооцоо ялангуяа төсөв төлөвлөгөөний өдөр тутмын мэдээллүүдийг хялбар хардаг, гаргадаг байх нь чухал гэдгийг ойлгосон. Ингээд мэдээлэл гаргахын тулд ERP гэдэг зүйлийг нэвтрүүлэхээр зорьж, судалж эхэлсэн. Монголд анх удаа шахуу ERP нэвтрүүлэх оролдлого болсон юм. Миний хамгийн анхны өөрөө санаачилж, амжилттай нэвтрүүлсэн ажил энэ.

- ERP гэж чухам юу вэ. Бүртгэлийг сайжруулсан гэсэн үг үү? 

- ERP гэдэг дан ганц бүртгэл биш. Бизнесийг тэр чигт нь хэрхэн харах вэ гэсэн утгатай. “Enterprise Resource Planning” буюу бүх нөөцийг хэрхэн зөв төлөвлөх, гүйцэтгэлийг хэрхэн хангах вэ гэдгийг харах тухай юм. Бизнесийн шийдвэр гаргалтад маш чухал нөлөөтэй. Ер нь бизнесийн шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг санхүү шинжээчид зөв боловсруулж өгдөг. 

1999 оны зун Ж.Оджаргал захиралтай хамт “Говь” хувьцаат компанид очиж ERP нэвтрүүлсэн байдалтай танилцсан. Өмнө нь би энэ талаар интернетээр уншиж байснаас бодит амьдралд яаж ажилладгийг мэдэхгүй. 

Тухайн үед нягтлан бодогч н.Болортуяа, програмист н.Гансүх бид гурав нэг баг болж энэ төслийг базсан. Манай Болортуяа одоо хүртэл MCS Holding компанид ажиллаж байгаа. ERP-ийг санаачилсан нь нөлөөлсөн ч байж магадгүй. Намайг  шинэ соргог зүйл хардаг, бизнесийг зөвхөн өнөөдрийн төвшинд авч явах нь хангалтгүй гэдгийг ойлгодог, дараагийн шатанд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг харахын тулд нэлээн хүч хөдөлмөр зарцуулдгийг олж харсан байх. Энэ нь дараа дараагийн сорилтуудад очиж, намайг томилоход тус болсон болов уу гэж боддог.

- Ажлын үр дүнг үзэх нь чухал гэж та сая хэллээ. Тууштай байдлын тухай ярьж байна гэж би ойлголоо. Анзаараад байхад туйлбартай зан хүмүүст дутагддаг. Хэрвээ та өөрийгөө тууштай гэж тодорхойлж буй бол хүмүүст ямар зан чанар дутагддаг вэ?

- Хүн өөрөө өөртөө таалагддаг байх ёстой гэж би боддог. Хүн хүссэн, зорьсон зүйлдээ хүрч чадахгүй байгаа бол өөртөө таалагдахгүй байна гэсэн үг.

- Тэгэхээр зорилгодоо хүрэх нь чухал гэсэн үг үү?

- Зорилгодоо хүрч байж хүн аз жаргалтай байна гэж боддог. Өөрийн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд бүх хүчин чармайлтаа дайчлах ёстой. Хүчин чармайлт гаргаад хүрч чадаагүй бол өөр хэрэг. Хүчин чармайлт гаргаагүй байж зорилгодоо хүрсэнгүй гээд гутрах хэрэггүй. Зорилгодоо хүрэхийн тулд цаг зав гаргасан шүү гэдэг чухал.

- Mongolian mining corporation(MMC)-ий тухай танаас зайлшгүй асуух ёстой. Энэ компанийн тухай ярихаар янз бүрийн байр суурь гарч ирдэг.  MMC-ийн IPO хийх үед та MCS группт санхүү хариуцан ажиллаж, гар бие оролцсон байдаг юм билээ. Тэгэхээр үйл явдлуудыг эхлэлийн цэгээс нь харжээ. IPO хийхэд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

- Ер нь Монголын хэн ч тоодоггүй байсан нэг лицензийг ТОП компанийн хэмжээнд хүргэж болдгийг  эндээс ойлгосон.

- Яаж?

- Олон үе шат дамждаг юм билээ. IPO хийнэ гэдэг байгалийн шалгарал шиг санагдсан. Бизнес өөрөө ч ийм циклээр явдаг. Эхлээд сууж сураад, мөлхөөд, дараа нь алхаж, тэгээд гүйх ёстой гэдэгтэй адил. Тэгэхээр сууж сурахын тулд мөнөөх уул уурхайн лиценз нь хууль ёсных мөн эсэхийг баталгаажуулах учиртай байсан. Хуулийн хүрээнд эзэмших эрх нь хэнд байдаг юм, хууль ёсны дагуу олгогдсон лиценз мөн үү гэдгийг судлаад эдийн засгийн түвшинд ашигтай эсэхийг тооцох ёстой. Ашигт ажиллагаанд хүрэхийн тулд ямар хайгуул, судалгаа хийх ёстой гэдгийг харах хэрэгтэй. Зөвхөн геологийн судалгаа биш шүү. Хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй, ямар үйл ажиллагааны зардалтай вэ гэдгийг бага гэлтгүй тооцох хэрэгтэй.

Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд “Fast-track mining” хийсэн. Одоогийн төвшний том уурхайг барилгүйгээр бага хэмжээнд олборлолт хийж, зах зээлд туршсан гэсэн үг. Туршилтын үр дүнд зах зээлд нүүрс борлогдох магадлал өндөр гэх үр дүн гарсан.

“Fast-track mining” хийж, зах зээлийн мэдрэмжтэй болохын тулд санхүүгийн эх үүсвэр шаардагдсан. Тухайн үед Европын сэргээн босголт, хөгжлийн банк(EBRD) энэ төсөлд санхүүжүүлэгчээр оролцсон. EBRD хөрөнгө оруулагч болно гэдэг нь энэ төслийн бүх зүйл албажиж, хууль ёсных болсны нотолгоо шүү дээ. Хууль ёсны дагуу хийсэн учраас MMC гэх том компанийг бий болгож чадсан.

Ингээд жинхэнэ олборлолт хийж, уул уурхайг тэлэх шаардлагатай болсон. Бид том хэмжээний төлөвлөгөө гаргаж, танилцуулсан. Үүний дараа IPO хийсэн. Энэ үйл явц 2006 оноос хойш хийгдэж, 2010 онд IPO хийсэн.  

- MMC-ийг тойрсон сэдвээр гадуур их маргалддаг. Төмөр зам бол энэ маргааны нэг хэсэг. Танд одоо ямар санагддаг вэ? 

- Аль ч улсад байгалийн баялаг нь эмзэг сэдэв байдаг. Зөвхөн Монголд ч биш. Гэхдээ эмзэг сэдэв гээд оролдохгүй хаячихвал эдийн засгаа хөгжүүлж чадахгүй. Зөв зохион байгуулж, зөв эргэлтэд оруулж чадахгүй байвал утгагүй гэсэн үг.

Харин эдийн засгийн эргэлтэд оруулах үед энэ сэдвийг ашиглаж ард түмэнд нэр олж авахаар зарим хүн оролддог. Ард түмний байгалийн баялаг, өмч гэх маягтай зүйл ярьдаг. Тэгтэл байгалийн баялгийг эргэлтэд оруулахгүй бол ямар ч үнэ цэнэгүй шүү дээ. Тэгэхээр олон нийтэд үүнийг зөв ойлгуулж, газар доорх баялаг эргэлтэд орсон тохиолдолд жинхэнэ баялаг болно гэдгийг ойлгуулах ёстой. Хамгийн гол нь хариуцлагатай уул уурхайг олон нийт шаардах ёстой. 

Дашрамд хэлэхэд, бид Оюутолгой төслийг хэрэгжүүлж буй “Rio Tinto” компаниас хариуцлагатай уул уурхай гэдэг зүйлийг сурч байна. Биднээс хэдэн зуун жилийн өмнө уул уурхайг эргэлтэд оруулж сурсан хүмүүсээс туршлага хуримтлуулах боломжтой.

- Олон нийтийн дунд бий болсон ойлголтын зөрүүтэй байдлаас шалтгаалж янз бүрийн дайралт MMC-д ирсэн. Энэ үед мэдээллийг нээлттэй, ойлгомжтой болгох ажил хийсэн үү?

- MMC бол олон нийтийн компани шүү дээ. Бүх мэдээлэл нээлттэй, ил тод. Энэ компанитай холбоотой албан ёсны мэдээллийг байнга хийдэг. Үүнийг зөв эсвэл буруу гэж хэлэхэд бэрх. Бодит байдлаа танилцуулж ажилласан.

- MMC-ий цаашдын ирээдүйг та хэрхэн харж байна вэ?

- Дэлхийн хөгжил гангийн үйлдвэрлэлээс үндсэндээ хамаарна. Тэгэхээр Хятадын зах зээлтэй нягт холбоотой гэсэн үг. Гангийн үйлдвэрлэл хөгжих тусам үүнийг хайлуулах түүхий эд хэрэгтэй. Энэ хэрээр коксжсон нүүрсний хэрэглээ хэрэгтэй гэсэн үг. Гэхдээ нэг аюул бий. Ган орлуулах шинэ нээлтүүд зах зээлд нэвтэрч эхэллээ. Энэ байдал эрчимжиж, үйлдвэрлэл нэмэгдвэл гангийн эрэлт буурна. Хэрэв энэ аюул нүүрлэвэл манай коксжих нүүрс байгалийн баялаг гэж хэлэгдэхгүй. Хар шороо болж хувирна. Зөв цаг хугацаандаа эргэлтэд орохгүй бол байгалийн тогтоц л болж үлдэх болов уу.

- MCS групптэй холбоотой яриаг үүгээр өндөрлөе. Одоо таны үүсгэн байгуулсан “Premium Group”-ийн тухай ярилцъя. Эдийн засаг эрчимтэй өссөн 2011 онд та компаниа үүсгэн байгуулсан байх аа?

- Тийм. Би “Premium Group”-ийг ахтайгаа хамтарч байгуулсан. Гэхдээ бид үүнээс ч өмнө хамтарч бизнес эрхэлдэг байлаа. Анх 2004 онд ахтайгаа хамтарч “GanBros” гэх компани байгуулсан юм. Манай ахыг А.Ганболд гэдэг. Тэгэхээр нэрийн утгыг ойлгож байгаа байх. “GanBros” компанийн хувьд манай “Premium Group”-т хамааралгүй ээ.

Эдийн засаг эрчимтэй тэлсэн тухайн үед том төслүүд хэрэгжиж, барилгажилт нэлээн идэвхжих юм байна гэдгийг анзаарч “Premium Concrete” компаниа анх байгуулсан. Тухайн үед би MCS группт алба хашиж байсан учраас өөрийн ажилтай шууд зөрчилд орохгүй ямар бизнес хийж болох талаар сонирхсон. Нэгэнт том төслүүд хэрэгжих нь тодорхой болсон учраас бетон зуурмагийн хэрэгцээ их байх юм байна гэдгийг ойлгосон. Ингээд хамаатны хүмүүстэйгээ хамтарч бетон зуурмагийн бизнес хийж эхэлсэн.

 

- Үүний дараа эдийн засаг муудаж, барилгын салбарт цохилт болсон. Ханган нийлүүлэгч талд хамгийн түрүүнд мэдэгдсэн байх. Энэ үеийг яаж давсан бэ? 

- Хэцүү цаг үе. Гэхдээ бид энэ уналтын өмнө EBRD-ээс Хасбанкаар дамжуулж урт хугацааны зээл авсан. Урт хугацаанд эргэж төлөх учраас амьсгаа авах бололцоотой байв. Нөгөө талд дарамт ч их мэдэрсэн. Учир нь ам.доллараар авсан зээл учраас ханшийн зөрүүгээр нэлээн алдсан. Би санхүүгийн хүн учраас зээл авсан л бол ямар ч тохиолдолд эргүүлж төлөх ёстой гэдэг хатуу зарчмаа барьсан. Ингээд нэг өдрийн ч хугацаа хойшлуулалгүйгээр зээлээ төлсөн. Манай компани тухайн үед зөв төслүүдтэй хамтран ажилласан байдаг.

Тухайлбал, олон улсын нисэх онгоцны шинэ буудалд 260 мянган метр куб бетоны нийлүүлэлт хийсэн юм. Бетон зуурмагийн компанийн хувьд олон улсын зэрэглэлийн онгоцны буудлын хөөрөх, буух зурвасыг бий болгоно гэдэг маш том хэмжээний ажил. Онгоцны зурвасыг хийж чадаж байна гэдэг тухайн компани хамгийн дээд зэрэгтээ хүрсэн гэдгийг илтгэдэг юм билээ. Шангри-Ла Төвийн зочид буудлаас бусад бүх барилгын бетоныг нийлүүлсэн. Мөн Салхит, Сайншанд, Цогтцэцийд хэрэгжсэн салхин цахилгаан станцын бетоныг нийлүүлсэн. Ингээд харахаар дэд бүтэц дагасан байж болох бүх том төсөлд бид их хэмжээний бетоныг нийлүүлсэн. Хамгийн гол нь манай инженерийн баг мэргэжлийн өндөр төвшинд ажилладаг.

Үүний дараа 2016 онд бид Америкийн хувийн хөрөнгө оруулалтын сангаас(Private Equity Fund) хөрөнгө оруулалт татсан. Эргэлтийн хөрөнгөтэй ч болсон. Хувийн хөрөнгө оруулалтын сан учраас санхүүжилтийн зардал өндөр туссан. Үргэлжлээд  бид Оюутолгой төслөөс ажил авсан юм. Ерөөс барилгын зах зээлд том тоглогч гэдгээ нотолж, амжилттай ажилласан.    

- “Premium Concrete”-аас цаашаа хэрхэн ажилласан бэ?

- “Premium Concrete” гэх компани маань өргөжиж “Premium Industrial and Engineering” гэдэг нэртэй болж байна. Дан ганц бетон зуурмагийн бизнест биш аж үйлдвэр, инженерийн чиглэлийн төслүүдийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэгт төвлөрч ажиллаж байна.

“Rio Tinto” компаниас хариуцлагатай уул уурхайг суралцах ёстой гэж би өмнө нь хэлсэн. Хариуцлагатай уул уурхайг хэрэгжүүлэх хүрээнд маш олон инженерийн буюу дэд бүтцийн төсөл хэрэгжүүлэх ёстой. Тэгэхээр дэд бүтцийн болон инженерийн төсөлд бид хүчээ үзэх боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Нөгөө талд энэ бүх ажлын ард аюулгүй ажиллагааг хариуцлагатайгаар хангах ёстой гэдгийг Оюутолгой төслөөс сурж байна. 

- Аюулгүй ажиллагааг та өөрийн компанид хэрхэн нэвтрүүлж байгаа вэ?

- Манай компанийн хувьд аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж ажиллаж байна. Тиймээс манай бүх компанид аюулгүй ажиллагааны чиглэлд нарийн мэргэшсэн хүмүүс ажилладаг. Бидний хувьд Оюутолгойд үйл ажиллагаа явуулаад 1.9 сая хүн цаг осол авааргүй ажилласан байна. Энэ тоо хоёр сая хүн цагт хүрвэл олон улсын хэмжээнд маш өндөр үзүүлэлт болох юм билээ. Энэ онд багтаад дээр дурдсан хэмжээнд хүрэх байх гэж итгэж байгаа.

- Бидний хувьд Оюутолгойгоос сурч буй маш том зүйл нь энэ. Тэгэхээр “Rio Tinto” компани дан ганц уул уурхайд хөрөнгө оруулж байгаа хэрэг биш. Инженерийн болон бусад ажлын хувьд том хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ хүмүүсээс сурсан зүйлийг бид цаашид ашиглаад, өөр төслүүдэд ажиллаад явах боломж гарч ирж байгаа юм.

Бетон зуурмагийн компани дан ганцаар үйл ажиллагаа явуулахад бэрх шүү дээ. Үндсэн материал үйлдвэрлэгч буюу цемент үйлдвэрлэгчтэй хамтарч ажиллах хэрэгтэй болдог. Цементийн компаниудтай хамтарч ажиллах санал хүргүүлсэн. МАК Евро Цемент компани бидний саналыг хүлээн авч, хамтран ажиллахаар болсон.  

- Амжилттай хүмүүст уналтын эсвэл эргэлтийн гэж тодорхойлж болохуйц үе байдаг. Танд ийм үе тохиосон уу?

Би залуудаа гэр бүл зохиосон. Тиймээс эхнэр, хүүхдүүдийн өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлэх нэг талын шаардлагатай байсан. Тэгэхээр уналтын эсвэл эргэлтийн гэхээр тийм цэг байгаагүй байх аа.

- Та ахтайгаа цуг бизнесээ босгосон тухай дээр дурдсан. Ер нь гэр бүлийн хүнтэйгээ ажлын харилцаанд хамтарч ажиллах, бизнесийн шийдвэр гаргах ямар байдаг вэ. Хувь болон хувьсгалын харилцаагаа хэрхэн ялгаж, салгадаг вэ?

Гэр бүл болон бизнесийн харилцаанд асуудал болон хувь хүнийг хооронд нь ялгаж сурах хэрэгтэй. Бизнес гэдэг асуудал шийдвэрлэж байж босч ирдэг. Тэгэхээр бизнест хувь хүн рүү чиглэсэн асуудал байхгүй. Үүнийг ялгалгүй хоорондоо маргалдах явдал ажиглагддаг.

Гэр бүлд ч адил шүү дээ. Асуудлаа шийдэхгүй бие бие рүүгээ дайраад байвал ямар ч харилцаа түвэгтэй болно. Жишээ нь, гэр бүлийн хос хоёр байрны төлбөрөө төлж чадахгүй боллоо гэж бодъё. Дараа нь ижил нөхцөлд орохгүйн тулд хамтарч ажиллах хэрэгтэй. Өмнө нь чи уусан шүү дээ, чи нүүрэндээ будаг аваад наасан биз дээ гээд зөрүүдэлвэл хэцүү. Асуудал, хувь хүнээ ялгах хэрэгтэй. Яг энэ зарчмаар ажиллавал хэнтэй ч бизнес хийх боломжтой.

- Таны ажлын замналын хамгийн том хэсэг MCS групптэй холбоотой. А.Ганболд захиралтай хамтарсан ажил жигдрээд, группээс гарах талаар нэлээн өмнө ярьж байсан тухай сонсогддог. Эхний асуулт нь энэ үнэн үү? Хоёрдугаарт, MCS группт ажиллаж байгаад өөрийн бизнест ажилд ороход ялгаа мэдрэгдсэн үү?

Өөрийн бизнест анхаарлаа хандуулах бодол MCS группээс гарахаас өмнө байсан. Энэ бодлоо ганц, хоёр гэлтгүй удаа Ж.Оджаргал захиралд цухуйлгасан. Би нэлээн залуудаа буюу 27 настайдаа MCS группийн дэд ерөнхийлөгч болсон. Жоохон хүүхэд шүү дээ. Үүнээс хойш энэ том группийн дэд ерөнхийлөгчөөр олон жил ажилласан. Группийн байж болох бүх хариуцлагатай албан тушаалыг хариуцсан. Сүүлийн жилүүдэд Юнител, MCS Coca-Cola, Анунгоо компанийн ТУЗ-ийн даргаар ажилласан. Өөрийн хийх ёстой зөв зүйлээ чадах хэмжээндээ хийсэн гэж боддог. Үүнээс илүүг өгч чадахгүй байсан байх. Өөрийгөө бууралтын үедээ орсон гэж дандаа боддог байлаа. Нэгэнт илүү ихийг өгч чадахгүй байснаас гаръя гэж шийдсэн. 

Намайг ажлаа өгсөнтэй  холбогдуулаад сайжрах зүйл гарах байх гэж бодсон. Хувь хүний хувьд албан тушаал чухал боловч бизнесийн талаас эрсдэлтэй. Тухайн бизнесийг би өөрийн өнцгөөс л хараад байж магадгүй. Тэгэхээр илүү өөр өнцгөөр харах байх гэж бодсон.

Би 2012 онд Юнител группий ТУЗ-ийн дарга болсон. Ингээд 2017 онд Р.Ганболд захиралд өөрийн халаагаа өгсөн. Харин Р.Ганболдын халааг Д.Энхбат авч, гүйцэтгэх захиралаар томилогдсон. Одоо харахад их зөв зүйл хийсэн байна гэж боддог.

Нэг талаас би өөрийн бизнестээ алдаа, оноотой ч гэсэн амжилттай ажиллаж байна. Нөгөө талаас MCS группээс намайг гарахад миний хариуцсан салбарууд унаагүй. Илүү сайн өссөн. Хоёрдугаарт, дараагийн залуу халаа, дараагийн хүмүүст бэлтгэсэн суурь нь зөв байсан юм болов уу гэж боддог. Энэ бүх зүйлээс харахад MCS группээс намайг гарахад харамсах зүйл алга.

Бизнесмэн хүний хувьд ажлаас гарах эсвэл амралтаа авах зэргээр ажлаас холдоход бизнес унадаг бол хамгийн муу менежер гэсэн үг. Намайг гарахад миний хариуцаж байсан бизнесүүд уналгүй илүү өсөж байгааг нь хараад тодорхой хэмжээнд өөрөөрөө бахархдаг.

- Машинаар зүйрлэж яривал том машинаас жижиг рүү шилжихэд том өөрчлөлт мэдрэгдээгүй юү?

- Би долоон мянга гаруй хүнтэй группийн толгойн компанид удирдлагын түвшинд ажилласан. Энэ халаагаа өмнө нь Л.Гантөмөр захиралд шилжүүлсэн юм. Тэгэхээр надад зарчмын ялгаа гараагүй. Бусад компаниудын ТУЗ-ийн даргын ажлыг шилжүүлэхэд ялгаа мэдрэгдээгүй ээ.

Төрийн том албан тушаалд байдаг зарим хүнд ялгаа гардаг байж магадгүй. Өндөр албан тушаал хашиж байгаад өөр газрын дарга болоход мэдрэгддэг байж болох юм. Тэгтэл манай “Premium Group”-ийн хувьд миний өмнө нь ажилласан MCS группийн хэмжээнд хүрээгүй ч, соёлын хувьд төстэй. Бид энд Business-Minded байх ёстой гэдэг соёлыг бий болгож байна.

Хоёрдугаарт, хүн хүнтэйгээ харьцах харьцаа л хүнийг маргааш ажилдаа сэтгэл ханамжтай ирэх шалтгаан болдог. Муухай харьцаатай байгууллагад хүн ирэхгүй шүү дээ. Харин зөв харьцаатай байгууллагад хүн ирдэг. Энэ л өөрөө хүнийг бий болгодог. Нөхцөл байдал тийм чухал биш гэж боддог. MCS группээс өөрийн компанид ирэхэд том ялгаа байгаагүй ээ. Жижиг ялгаа бол бий. Гэхдээ үүнийг адил болгох шаардлага байхгүй гэж боддог.

Шангри-Лагийн оффис руу нүүж ирж буй шалтгаан ч бас адил шүү дээ. Манай залуучууд энерги авах ёстой. Юмыг том байдлаар сэтгэж харах ёстой. Залуучуудынхаа эрч хүчийг нөхөж байх ёстой учраас бид юмыг өөр өнцгөөс хараасай гэдэг утгаар энд нүүж орж ирж байна. Мөнгө төгрөг ихтэйдээ биш юм. Сорилт шүү дээ. Залуучуудынхаа нүдийг нээхийн тулд Монголд том боломж бий шүү гэдгийг харуулахын тулд ингэж ажиллаж байна.

- Та нэлээн залуудаа MCS группийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд очсон гэж ярилаа шүү дээ. Танд айдас байсан уу?

- Өмнө нь таван жил хийсэн ажил учраас айдас нэг их байгаагүй.  Д.Энхтүвшин захирал манай санхүүг хариуцсан дэд ерөнхийлөгч байсан юм. Ингээд Англи руу сургуульд явсан.

- Хариуцлага нэмэгдсэн үү?

- Хэмжээ л томорсон. Өмнө нь ч мөн хариуцлагатай ажилласан шүү дээ. Нөгөө талаас, анх ажилд ороод л ERP нэвтрүүлэхээр чармайсан учраас өөрийнхөө хөрсийг сайн бэлдсэн байлаа. Сонгодог утгаараа ERP ажиллаагүй, дутагдалтай тал олон ч санхүүгийн бүх систем тодорхой, жолоодож авч явах машин бэлтгэгдсэн гэсэн үг. Мөн хамт олон намайг маш их дэмжсэн. Хүмүүсийн дэмжлэг, хамт баг болох гэдэг чухал. Ганц хүнээр хэзээ ч нэг ажлыг төсөөлж болохгүй. Сугалж харах ямар ч боломжгүй.

- Таныг залуудаа удирдах албан тушаалд очиход бусад хүмүүс сугалж харах хандлага байсан уу?

- Хувь хүмүүсийн л өнцөг болов уу. Миний үеийн залуучууд өөр өнцгөөр харсан байж магадгүй. Гэхдээ зорилгодоо хамтдаа хүрье гэх итгэл үнэмшил төрүүл сэн байх гэж боддог. Итгэл үнэмшилтэй хүмүүс бүх хүчин чармайлтаа дайчлаад хамтран ажиллаж байгаа тохиолдолд намайг 27 настай залуу гэж тусад нь хараагүй байх гэж боддог.

- Тэгвэл та залуучуудад ямар шаардлага тавьдаг вэ?

- Дээр үеийнх шиг залуучуудад шаардлага тавих талаар боддоггүй. Халамжлан хүмүүжүүлэгч гэх маягаар сургах үе өнгөрсөн гэж боддог. MCS группийн Д.Энхцэцэг захирал “Залуучууд та нар хүүхдүүдээ яаж хүмүүжүүлэх вэ гээд янз бүрийн бодлого бодоод байх юм. Тэгж яах юм бэ. Өөрсдөө л хүмүүжилтэй бол” гэж их шоглонгуй хэлсэн юм. Энэ үг санаанаас гардаггүй. Хэдийгээр тоглоом тохуу болгож хэлсэн үг боловч надад их чухал буусан. Тэгэхээр бид өөрсдөө, өдөр тутам гаргаж буй бизнесийн шийдвэр зөв, алсын хараатай байвал залуучууд хараад сурна гэж боддог.

Залуучууд бидний уулзалтад орж байгааг харж байгаа. Мөн лидер хүн “Lead by example” гэх зарчмыг барих ёстой гэж боддог. Үлгэрлэж үзүүлэх хэрэгтэй. Тэг, ингэ гэж зааварчлах нь үр дүнгүй болов уу. Хоёрдугаарт, ямар нэг бизнесийн шийдвэр гаргахдаа маш олон өнцгөөс харж, чөлөөтэй сэтгэдэг байгаасай гэж боддог. Хэтэрхий баригдмал, зөвхөн хариуцсан ажлаа хийвэл хөгжихөд хэцүү. Би нэлээн олон жил гаднын нөлөө бүхий хөрөнгө оруулагч, албан тушаалтнуудтай уулзсан. Тэднээс авах чухал зүйл олон бий. Ганц өөрийн ажил гэлтгүй, нэлээн өргөн түвшинд асуудлыг харж чаддаг. Энэ боломжийг бүрдүүлж өгөх нь чухал юм.

Санхүүгийн мэргэжилтэй гээд зөвхөн санхүүгийн ажлаа эрхлээд байж болохгүй. Санхүүгийн цаад үзүүлэлт нь үйл ажиллагаа шүү дээ. Тэгэхээр үйл ажиллагааг маш сайн ойлгож байж санхүүгээ хүн удирдана. Үүнтэй яг адил хүний нөөц гэхээр л зөвхөн хүнээ сургаад явна гэж бодож болохгүй. Ямар ажилд ямар хүн сургаж тавих вэ гэдэг чухал. Ажилд авсан хүн нь бизнесийн онцлогт тохирох уу, ямар сургалтаар хүнээ бэлдэх вэ гэдгийг мэдэхийн тулд бизнесээ бүрэн ойлгох хэрэгтэй. Үүнийг ойлгохын тулд хуралд аль болох олон хүн оролцож, бүх талаас нь ойлголт авч байж шийдвэр гаргадаг байвал зүгээр.

- Та “Premium Group”-ийн ирээдүйн таван жилийн төлөвлөгөөг юу гэж хардаг вэ. Мөн танай компанийн үндсэн бизнес Industrial талдаа боловч жишээ нь, CU-г оруулж ирж байна. Энэ талаар ярьж өгөөч? Группийн алсын хараа болон бусад ямар бизнесийг сонирхож байна вэ?

- Хонгконг, Сингапур руу бизнесийн шугамаар явахдаа орчин нь ямар “Convenient” юм бэ гэдгийг мэдэрсэн.  Нөгөө талаас, гаднын хүмүүс Монголд ирээд ямар “Convenient” биш юм бэ гэдгийг мэдэрч л байгаа. Тэгэхээр бизнес цаашдаа амжилттай явахын тулд ямар нэг дэлгүүр, хоолны газрын ажлын цагт баригдаж явах ёсгүй. Бизнесийн хэлцлийг өдөр шөнө гэж ялгалгүй, аль ч цагт хийж л байдаг. 

Хэдэн ч цагт хүмүүс онгоцноос буудаг, хэдэн ч цагт ажиллаж байдаг. Бид хэдэн ч цагт хэлцэл хийгээд, гэрээнд гарын үсэг зурах ёстой байдаг. Бизнесийн хатуу энэ зарчим гаднын нөлөө бүхий хүмүүст суучихсан байдаг. Монголыг үүнтэй харьцуулахад үнэхээр ичмээр санагдсан.

MMC-гийн IPO хийсний дараа гаднын томоохон банкны эрхэм Монголд ирсэн юм. Мань хүний ачаа хойшилчихсон байлаа. Тухайн үед манайд сайнд тооцогдох зочид буудалд буусан. Ачаа нь хойшилсон учраас шүдний сойз ч үгүй болсон. Тухайн үед Улаанбаатарт шөнө ажилладаг дэлгүүр байсангүй. Ингээд сахал нь ургачихсан хүн өглөөний уулзалтад ирсэн юм. Би гэрээсээ сахалын татуурга, шинэ оо, сойз авчирч өгсөн.

Тэгэхээр нийгмийн үндсэн дэд бүтэц бий болоогүй байхад бид гаднын хөрөнгө оруулагч Монголд урьж хэрхэн бизнес хийх вэ гэж бодсон. Хүмүүс гудамжинд бие засах нь холгүй, хэний ч мэдэхгүй газраас идсэн хоолноос хордох шахдаг үед залуучууд яаж бизнес хийх вэ гэж бодсон юм. Харин бусад өндөр хөгжилтэй оронд энэ асуудлыг “Convenience” гэдэг зүйлээр шийдсэн байдаг юм билээ.

Үүнийг Монголд бий болгох зайлшгүй шаардлага байгааг ойлгосон. СU-гийн сайн тал анзаарагдаж байгаа. Өглөөний цайгаа ууж болно. Боломжийн үнээр африк, араб кофе ууж байна. Энэ бол бидний хүрэх юмсан л гэж хүссэн хэрэгцээ шүү дээ. Энэ зүйлийг эдэлж, хэрэглэж үзээгүй хүмүүс янз бүрийн байдлаар хандаж байна. Хүмүүс ажил хөдөлмөртөө зарцуулж байгаа цаг нь ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг ойлгохын хэрээр “Convenient”-ийн ач холбогдол улам мэдрэгдэх болно. 

Манайд дэд бүтцийн хэрэгцээ асар их байна. Дэд бүтцийн хэргцээ гэдэг тухайн хөгжлийн үндсэн тулгуур болж байдаг. Зөв зохистой хөрөнгө оруулалт хийлгүйгээр уул уурхай ч хөгжихгүй. Харилцаа холбоо ч хөгжихгүй. Тэгэхээр дэд бүтцийн чиглэлээр манай групп үйл ажиллагаагаа төвлөрүүлэх болов уу гэж харж байна.

Дэд бүтцийг бий болгох талаар бид гаднын туршлагаас суралцаад явж байна. Мөн хүнсний аюулгүй байдал гэх зүйл Монголд дутагдаж байгааг анзаардаг. Дүүрэг бүрт ажилладаг Мэргэжлийн хяналтын олон байцаагч бий. Гэхдээ хүрч чадахгүй цэгүүд байгаа. Хүмүүс хордох тохиолдол их гарч байна. Энэ бол монгол хүний эрүүл мэндэд хамаатай маш том асуудал шүү дээ. Тэгэхээр энэ талыг бид хариуцлагажуулахын тулд хоол хүнсний талаар анхаарна гэж боддог. Хүнсний бүтээгдэхүүн 100 хувь органик биш гэхэд ямар ч бактери, вирусгүй л баймаар байна шүү дээ. Стандартад нийцмээр байна. Энэ байдлыг нэвтрүүлэхээр бид солонгосчуудаас маш их туршлага судалж байна. Солонгосчуудтай хамтраад ТЭЗҮ хийж байгаа. Манай бизнесийн хувьд энэ том хэсэг болох байх.

Барилгажилт хэдийгээр том боловч саарах байх гэж харж байгаа. Учир нь нийлүүлэлт эрэлтээс давж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Цаг хугацааны асуудал гэж бодож байгаа. 

Мөн манайх Ладагийн Монгол дахь дистрибьютор “Russo Motors” компанид  хөрөнгө оруулалт хийсэн. Үүний шалтгаан ч энгийн. Манайх шиг зүүн гарын дүрэмтэй газар баруун хүрдтэй машин ингэж замбараагүй унадаггүй байх. Миний очсон орнуудад лав байхгүй.

Тээврийн хэрэгслийн статистикээс харахад, буруу талын хүрдтэй машин хамгийн их осолд ордог. Дийлэнх олон хүн буруу талдаа хүрдтэй машин унадаг учраас үүнийг хамгаалах тал ажиглагддаг. Үнэндээ буруу талдаа хүрдтэй машинууд хоорондоо мөргөлдчихсөн байх нь элбэг. Тэгэхээр буруу талдаа хүрдтэй машиныг зөвтгөж болохгүй.

Гүйцэж түрүүлэхийн тулд урдаас ирж буй машинаа чөлөөтэй харах шаардлагатай. Тэгэхээр хамгийн хямд аргаар энэ бололцоог бий болгох шийдэл нь Лада. Зөв талдаа хүрдтэй, шинэ, хамгийн хямд машин бол Лада.

Шинэ машинд өөр давуу тал ч бий. Монголд ашиглаж буй машины хуучин баттерей хаана хаягдаж, хөрсний бохирдол хэрхэн бий болгож байгааг бид мэдэхгүй. Судалдаг байгууллага байдаг байх. Гэхдээ статистик мэдээлэл нь гарахгүй, хэнд тайлагнадаг нь ойлгомжгүй байна шүү дээ. Асар том асуудал бий болгож байна.

Энэ мэт олон асуудал байгаа учраас цоо шинэ, боломжийн үнэтэй Ладад бид хөрөнгө оруулалт хийсэн. Ингэснээр осол аваар буурах боломжтой гэж үзсэн. 

Бидний хувьд тулгарч буй асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэгт анхаарч, хөрөнгө оруулалт хийж байна. Асуудал том байх тусмаа бид бизнес хийх ёстой гэж үздэг.

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: