Монголбанк | Дөрөвдүгээр сард 70 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

4-р сар. 12, 2019, 10:58 a.m.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн талаар Монголбанкны Санхүүгийн зах зээлийн хэлтсийн захирал П.Мөнхбаяртай ярилцлаа.

- Ипотекийн зээлийн санхүүжилт Монголбанкнаас орж ирээгүй гэсэн үндэслэлээр банкууд иргэдэд зээл олгохгүй байна гэсэн мэдээлэл байна. Хөтөлбөрийн зээл зогсчихсон хэрэг үү? 

- Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангах зорилгоор сар бүр 200 орчим зээлдэгчдэд 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг банкуудаар дамжуулан олгож байна. Он гарснаас хойш эхний 4 сарын байдлаар нийт 885 зээлдэгчдэд 64 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийн санхүүжилтийг зөвхөн Монголбанкнаас олгосон.

- Засгийн газраас ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулан эх үүсвэрийг Монголбанканд шилжүүлсэн боловч Монголбанк олгохгүй байна гэсэн яриа олон нийтээр яваад байна. Тэгэхээр ипотекийн зээл яг хаана гацаад байгаа хэрэг вэ? 

- Өнгөрсөн онд ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотой нэлээд хэдэн эрх зүйн баримт бичиг шинээр батлагдсан. Эдгээр баримт бичгээр Засгийн газраас банкуудад олгох орон сууцны ипотекийн зээлийн эх үүсвэрийн хүүг 1 хувь болгон бууруулж, банкуудын эх үүсвэрийг татан оролцуулах, зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. 

Дээрх шийдвэрийн дагуу хөтөлбөрийн эх үүсвэр болон үнэт цаасжуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, схемийг бүрэн шинэчлэх нь нэлээд цаг хугацаа шаардсан ажил боловч Монголбанк богино хугацаанд холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулан, эцэслэн бэлэн болгоод байна. Энэ хүрээнд Монголбанк 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Засгийн газартай дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж, Засгийн газраас 2019 оны эхний дөрвөн сард олгох ёстой байсан 35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дөрөвдүгээр сарын 9-ний өдөр Монголбанканд шилжүүлсэн.

Монголбанк энэ хооронд бүх талуудтай гэрээг эцэслэн байгуулж, Засгийн газрын дээрх санхүүжилт дээр банкуудын өөрийн эх үүсвэрийг хөтөлбөрт нэмж оруулах ажлыг зохион байгуулаад байна. Ингэснээр 70 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дөрөвдүгээр сард нэмж орон сууцны зээлд зориулан олгоно. 

- Цаашид орон сууцны зээлийн эх үүсвэр нэмэгдэнэ гэж ойлгож болох уу?

- Өмнө нь дурьдсан, 2019 оны эхний дөрвөн сарын санхүүжилтийн нийт хэмжээ 134 тэрбум төгрөг болж байна. Цаашид он дуустал гурван төрлийн эх үүсвэрээс сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно. Ингэснээр энэ онд хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зээлдэгчийн тоо 1.5 дахин өсөх тооцоо гарч байна. 

Эх сурвалж: www.mongolbank.mn

Дуртай болгож хадгалах

Дуртай болгож хадгалахын өмнө хувийн мэдээллээ оруулна уу. Open Profile Settings.

Илүү хурдан, бас ашиглахад хялбар утасны апп татаж суулгаарай: